Мэдээллийн технологийн салбарт 30 мянга орчим мэргэжилтэн дутагдаж байна www.montsame.mn
Манай улсын мэдээллийн технологийн салбарт 30 мянга орчим мэргэжилтэн дутагдаж байна.
ЦХИХХЯ-наас ойрын дөрвөн жилд 20 мянган хүнийг бэлтгэх зорилт тавиад байгаа аж. Үүний тулд бүх хувийн хэвшил, төрийн байгууллага, их дээд сургууль, сургалтын төвүүдтэй хамтран ажиллахыг салбарын сайд Ц.Баатархүү онцолсныг тус яам мэдээлжээ.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт одоогоор 12,754 компанид 12 мянга гаруй хүн ажиллаж байна. Үүний 23.39 хувь үүрэн холбоо, 15.30 хувь мэдээлэл холбооны сүлжээ, 10.27 хувь кабель шугам, цамхаг угсралт, бусад нь өргөн нэвтрүүлгийн телевиз, олон суваг дамжуулах үйлчилгээ, шуудангийн сүлжээ үйлчилгээ зэрэгт ажилладаг байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого өнгөрсөн онд 2.5 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 367.1 /17.4 хувь/ тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь энэ салбарын өсөлтийг харуулж байгаа юм.
Нийтэлсэн огноо2025-03-13