Зочид буудлын салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 12 хувиар өсөв www.eagle.mn
Зочид буудлын салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс энэ оны хоёрдугаар сард 185 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 12 хувь, өмнөх сараас нэг хувиар тус тус өссөн байна. Ингэж өсөхөд богино хугацаагаар байр, сууцаар хангах үйл ажиллагааны дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 12.2 хувь, автомашины зогсоол бүхий зуслан, чөлөөт цаг өнгөрөөх хоноглох байраар хангах үйл ажиллагааны дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 9.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Зочид буудлын үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйлдвэрлэгчийн үнэ нийслэлд өмнөх оны мөн үеэс 10.7 хувь, аймагт 18.5 хувиар тус тус өссөн байна.
Харин нийтийн хоолны салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс 2025 оны хоёрдугаар сард 171.9 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар тус тус өсжээ. Нийтийн хоолны салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өсөхөд аймгийн нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч ААН-ийн үйлдвэрлэгчийн үнэ 10.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Нийтэлсэн огноо2025-03-13