Баянхошуу, Шархад дэд төвд эхний 220 айлын ногоон орон сууц энэ онд ашиглалтад орно www.bloombergtv.mn
Ногоон орон сууцны хэрэглээний зардал энгийн барилгаас 20 хувиар хямд байна
2025 оны гуравдугаар сарын 24-ний байдлаар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын барилга угсралтын ажил 87 хувьтай байгааг төсөл хэрэгжүүлэгчид мэдээллээ.
Ирэх зургаадугаар сард Баянхошуу дэд төвд хамгийн эхний 110 айлын дөрвөн блок, Шархад дэд төвд үйлчилгээний нэг төв болон 110 айлын гурван блок орон сууц ашиглалтад орохоор байна.
Барилга барих өртгийн хувьд хүрэн барилга буюу энгийн барилгаас 13 хувийн өндөр зардалтай баригдаж байгаа ч цаашид ус, цахилгааны хэрэглээний зардал энгийн барилгаас 20 хувь бага байх аж. Эдгээр орон сууц нь зөвхөн гэр хорооллын айлууд байшин болон газраа чөлөөлж солилцоо хийх байдлаар амьдрахад зориулагджээ.
Харин Баянхошуу болон Шархад дэд төвийн хоёр дахь ээлжийн 378 айлын орон сууцны барилга угсралтын ажил 24 хувьтай үргэлжилж байна.
Ногоон орон сууцны төсөл нь Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй бөгөөд нийт 800 айлын ногоон орон сууцыг Баянхошуу болон Шархад дэд төвд 2024-2026 онд барьж ашиглалтад оруулахаар байгаа юм. Одоогоор барилгын ажлыг 13 аж ахуйн нэгж гүйцэтгэж байна.
Нийтэлсэн огноо2025-03-25