Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээрийг УИХ соёрхон баталлаа www.bloombergtv.mn
Хил холболтын бүтээн байгуулалтыг тавдугаар сард эхлүүлж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгой уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг УИХ соёрхон баталлаа. Ингэснээр хил холболтын бүтээн байгуулалтыг ирэх тавдугаар сард эхлүүлж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Мөн бусад боомтуудын хил холболт юуны өмнө Шивээхүрэн-Сэхэ боомтын хилийг холбох асуудлаар хэлэлцээр хийх боломж бүрдэж байгаа юм. Хил холбох бүтээн байгуулалтыг хоёр сарын хугацаанд хийж, ашиглалтад оруулах боломж байгааг Сангийн сайд тодотголоо.
Хэлэлцээрийн хүрээнд Тавантолгойн ордоос 2025-2029 онд нийт 27 сая тонн, 2030 оноос эхлэн жилд 20 сая тонн нүүрсийг БНХАУ-д экспортлохоор тусгасан байна. Нүүрс худалдах үнийн хувьд анхны үнэ дээр нэмэх нь улирлын индексийн тохируулга хийгдэнэ гэж тусгажээ. Анхны үнэ одоогоор 69 ам.доллар байна. Үүн дээр таван боомт дээрх үнийн дунджаар тохируулга хийгдэнэ гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мэдээллээ.
Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбосноор төмөр замаар экспортлох ачаа тээвэр жилд 30 сая тонноос дээш хэмжээгээр, Тавантолгойн ордын нүүрсний экспорт жилд 70 сая тонн хүртэл нэмэгдэж, нүүрсний борлуулалтын орлогыг жилд 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх боломж бүрдэхийг Засгийн газар тодотгож байсан юм.
Нийтэлсэн огноо2025-03-28