ЗГ: БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтыг $550 саяар нэмэгдүүлнэ www.bloombergtv.mn
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа
Засгийн газар валютын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд гадаад зах зээл дэх санхүүгийн нөөц боломжуудыг ашиглана гэж мэдээллээ.
Энэ хүрээнд Монголбанкнаас БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтыг 550 сая ам.доллароор нэмэгдүүлэх, гадаадын банк, санхүүгийн байгууллагаас алтны орлогоос эргэн төлөх нөхцөлтэй 300 сая ам.доллар татах, Хадгаламжийн даатгалын корпорац, Төрийн банкнаас эзэмшиж буй Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсад арилжаалах замаар 283.4 сая ам.долларын нөөцийг буцаан төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.
2025 он гарсаар эхний хоёр сарын хугацаанд гадаад зах зээл дэх нүүрсний үнийн уналтаас шалтгаалан нүүрсний экспортын орлого буурсан. Улмаар төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдал хосолж эдийн засагт эрсдэл үүсэхээр байгааг Монголын банкны холбоо анхааруулж байгаа юм. Мөн хоёрдугаар сарын эцсийн байдлаар гадаад валютын улсын нөөц 4.7 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 2.47 хувиар, оны эхнээс 13.55 хувиар буурсныг Монголбанк мэдээлж байв.
Экспортын орлого гуравдугаар сарын 18-24-нд 268 сая ам.доллар болж, өмнөх долоо хоногоос есөн хувиар өссөнөөр гадаад валютын нөөц 291 саяар нэмэгдсэн байна. Энэ нь нүүрсний экспорт 1.9 сая тонн хүрч 31 хувиар, зэсийн баяжмалын экспорт 57 мянган тонн хүрч 31 хувиар, төмрийн хүдрийн экспорт 176 мянган тонн хүрч 13 хувиар өссөнтэй холбоотой гэж Сангийн сайд Б.Жавхлан тайлбарлалаа.
Харин импорт сүүлийн долоо хоногт 225 сая ам.доллар хүрч, өмнөх долоо хоногоос гурван сая ам.доллароор өсөхөд дизель, шатахууны импорт өссөн нь голлон нөлөөлжээ.
Нийтэлсэн огноо2025-03-27