Инвескор Проперти: 2024 оны IV байдлаар Улаанбаатарт хаус төслийн захиалга 36.3 хувиар буурсан www.bloombergtv.mn
Энэ онд орон сууцны зах зээл агших төлөвтэй байгааг “Инвескор Проперти” мэдээллээ
2024 оны IV улирлын байдлаар Улаанбаатар хотод нийт 5840 айлын хаус төсөл хэрэгжиж байгаагаас 43.7 хувь нь ашиглалтад орсныг “Инвескор Проперти” компани мэдээллээ.
Хаус төслийн нийлүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал захиалга авч буй төслүүд 36.3 хувиар, ашиглалтад орсон төсөл 23.8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Харин захиалгаа зогсоосон төслүүд 7.8 хувиар нэмэгджээ. Хөрөнгө оруулалт татах талд асуудал үүсэж байгаа нь барилгууд царцах болон төслөө зогсооход голлон нөлөөлж байгааг “Инвескор Проперти” мэдээлсэн юм.
Хаусны захиалга авч буй төслүүдийн 55.9 хувь нь Хан-Уул дүүрэгт байрлалтай бөгөөд нийт нийлүүлэлтийн дийлэнх буюу 43.63 хувь нь дундаж зэрэглэлийн төсөл, 22.34 хувь нь өндөр зэрэглэлийн төсөл байгаа аж.
2021-2023 оны эцэс хүртэл хаусны зах зээл эрс тэлж, нийлүүлэлт нь 53 хувиар өсөж байсныг “Тэнхлэг зууч” мэдээлж байсан юм. Тухайн үед цар тахлын дараа амьдралын хэв маягт өөрчлөлт орж зайнаас ажиллах боломжтой болсноор хүн амын төвлөрөл харьцангуй хотын зах руу чиглэх хандлагатай болж байв.
2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнхийг бүрдүүлэгч гол түүхий эд нүүрсний экспорт буурвал орон сууцны зах зээл ч дагаад агших төлөвтэй байгааг “Инвескор Проперти”-ийн Гүйцэтгэх захирал тодотголоо. Мөн орон сууц болон хаусны зах зээлд хэрэгжиж буй төслүүд ч хумигдаж байгааг онцолсон юм.
Нийтэлсэн огноо2025-03-25