BI: Монголын коксжих нүүрсний экспорт ирэх 3-5 жилд өндөр түвшинд хадгалагдана www.bloombergtv.mn
Оны эхний хоёр сард Монголын нүүрсний борлуулалт өмнөх оноосоо 42 гаруй хувиар унаад байна
Өнгөрсөн онд түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын коксжих нүүрсний экспорт 2025 оныг базаахгүй эхлүүлж, I-II сард нүүрсний борлуулалт өмнөх оноосоо 42 гаруй хувиар унаад байна. Эрэлт, үнийн хүнд мөчлөг энэ зах зээлийг нөмөрсөн ч ирэх 3-5 жилд БНХАУ-д гаргах Монголын коксжих нүүрсний экспорт өндөр түвшинд хэвээр хадгалагдана гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид үзжээ.
Үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралаас шалтгаалан нийлүүлэлт нь илүүдэж, алдагдалтай ажиллах болсон гангийн үйлдвэрүүдийнхээ ашигт ажиллагааг сэргээхийн тулд БНХАУ-ын эрх баригчид ямар дэмжлэгийн арга хэмжээнүүд хэрэгжүүлэх нь анхаарал татаж буй. Засгийн газрын мөчлөг сөрсөн дэмжлэгийн арга хэмжээ 2025 онд нүүрс, төмрийн хүдрийн эрэлт өсөхөд нөлөөлөх боломжтойг “Bloomberg Intelligence”-ийн шинжээч Келвин Нг, Эндрю Чан нар шинэ судалгаандаа бичсэн байна.
Гэхдээ үүнээс болж ган үйлдвэрлэгчдийн ашгийн маржин хумигдаж магадгүй ч Австралийг бодвол хямд үнэтэй Монголын нүүрсний худалдан авалтаа нэмэгдүүлж нөхөх боломжтойг онцолжээ. БНХАУ Австралийн нүүрсэнд тавьсан хоригоо цуцлаад нэлээн удсан ч худалдан авалт нь сул хэвээр байгаа юм. Харин Монгол талаас төмөр замын хил холболт зэрэг дэд бүтцээ сайжруулж, нүүрсний салбарын үр ашгийг оновчлох алхмууд авч байгааг шинжээчид тэмдэглэжээ.
Нийтэлсэн огноо2025-03-26