Улаанбуудайн гурилын импорт I улиралд 2.7 дахин өсжээ www.bloombergtv.mn
Өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүнүүдийн импорт ерөнхийдөө өслөө
Улаанбуудайн гурилын импорт I улирлын байдлаар 15.8 мянган тонн хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 дахин өссөнийг Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харж болохоор байна. Харин 1.7 мянган тонн улаанбуудай импортолсон нь өмнөх оны мөн үеэс 97.4 хувиар буурчээ.
Энэ онд 360 мянган га талбайд улаанбуудай тариалах төлөвтэй байгааг ХХААХҮЯ мэдээлж байсан ч улаанбуудайн гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэсэн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс ихээхэн хамаарахаар байгааг тодотгож байна.
Үүнээс гадна өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүнүүдийн импорт ерөнхийдөө өссөн үзүүлэлттэй гарлаа. Цагаан будааны импорт 95 хувиар, өтгөрүүлсэн болон хуурай сүү 77.8 хувь, хүнсний ногоо 22 хувиар өсжээ. Мөн өндөгний импорт 3.6 дахин нэмэгдэж, оны эхний гурван сарын байдлаар 33.9 сая ширхэг өндөг ОХУ-аас худалдан авсан байна.
Евразийн Эдийн засгийн холбоотой байгуулах чөлөөт худалдааны хэлэлцээр батлагдвал 90 сая ширхэг хүртэлх өндгийг гаалийн татварыг 50 хувиар бууруулж, 7.5 хувийн татвар ногдуулна. Мөн 50 мянган тонн улаанбуудайг 3.75 хувийн татвартай импортлохоор тохиролцоод байгаа юм.
Хэлэлцээрийн хүрээнд нийт 366 барааны жагсаалтыг эцэслэн тохирсныг Эдийн засаг, хөгжлийн яам мэдээлж байв. Гэхдээ хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлд ихээхэн нөлөө үзүүлэхийг МУИС-ийн судлаачид танилцуулсан юм.
Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 6.1 хувиар буурах тооцоолол гарсан бол аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 17.9 хувиар агших эрсдэлтэй. Түүнчлэн импорт 4.72 хувиар, экспорт 3.7 орчим хувиар тус тус өсөхөөр байгааг мэдээлсэн юм.
Нийтэлсэн огноо2025-04-10