Жижиг хөрөнгө оруулагчид дотоодын үйлдвэрлэлийн салбарын компаниудад хөрөнгө оруулах сонирхолтой байна www.bloombergtv.mn
Ногдол ашгийн хур буурсан 2024-2025 онд дотоодын хөрөнгийн зах зээлд жижиг хөрөнгө оруулагчдын идэвх хэрхэн өөрчлөгдөж байгааг онцолж байна
2025 оны эхний улиралд нээлтэй компаниудын хөрөнгө оруулагчдын нийт тоо давхардсан цэвэр дүнгээр 8533-аар нэмэгдсэн байна. Өнгөрсөн жилийн I улиралд 18 мянгаар нэмэгдэж байсантай харьцуулбал жижиг хөрөнгө оруулагчдын идэвх он гарсаар нэлээд суларчээ.
Компаниудын хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг харвал жижиг хөрөнгө оруулагчид үйлдвэрлэлийн салбарын компаниудад хөрөнгө оруулах сонирхолтой нь харагдаж байна. Тухайлбал: “Түмэн Шувуут” ХК-ийн жижиг хөрөнгө оруулагчдын тоо өнгөрсөн улиралд хамгийн их буюу 1000 орчмоор нэмэгдэж, 18.3 мянга хүрчээ. Харин 32 мянган иргэнд хувьцаагаа эзэмшүүлдэг АПУ ХК-ийн хувьд жижиг хөрөнгө оруулагчид нь 844-өөр нэмэгдсэн байгаа юм.
Хамгийн олон жижиг хөрөнгө оруулагчтай компаниудыг сонирхвол “Женко Тур Бюро” ХК 52 мянга, “Улсын их дэлгүүр” 43 мянга, ХААН Банк 33.5 мянган хувьцаа эзэмшигчтэй байна.
Идэвх сул хэвээр
Хэдий тийм боловч хөрөнгийн захад компаниудын нийт хувьцааны таван хувиас доош хэмжээний хувьцааг эзэмшдэг хөрөнгө оруулагчдын эзэмшлийн хувь хэмжээ өөрчлөгдөөгүй хэвээр байна. Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсанаар 2024 оны эцсийн байдлаар 15 ба түүнээс дээш насны хөдөлмөр эрхэлж буй хүний тоо 1.4 сая гэж үзвэл Монгол Улсын иргэдийн хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох идэвх ердөө нэг орчим хувьтай байгаа юм.
Жижиг хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргах томоохон түлхэц нь компаниудын ногдол ашиг болж буй. Тодруулбал: хамгийн өндөр эрэлттэй 20 хувьцааны 17 нь энэ онд ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн компаниудынх аж. Хэдийгээр энэ онд ногдол ашгийн дүн дорвитой нэмэгдсэн ч дийлэнх нь цөөн тооны том хөрөнгө оруулагчдад ногдож, харин давхардсан тоогоор 237.5 мянган “жижгүүд” их наяд гаруй төгрөгийн ногдол ашгийн 145.7 тэрбум төгрөгийг хуваан хүртэхээр болсон юм.
“Дотоодын хөрөнгийн зах идэвхжих тусам компаниуд нэг үеэ бодвол жижиг хөрөнгө оруулагчидтайгаа харьцах, нээлттэй байхад зүтгэл гаргадаг болсон. Гэвч тэднийг яаж хамгаалах, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хэрхэн хийж, цаашлаад хувьцаа эзэмшигчдийг том, жижгээр нь хэрхэн ялгах талаар зохицуулалт хуульдаа маш бүдэг байгаа”-г “OpenmindMSE”-ийн үүсгэн байгуулагч Б.Ганбаяр ярилцлагадаа онцолж байлаа.
Нийтэлсэн огноо2025-04-11