Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай ЗГ хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулахыг УИХ дэмжсэнгүй www.eagle.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжээд байсан юм. Харин чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжээгүй тул төслийг Засгийн газарт буцаалаа.
Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2006 онд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганаар баталсан бөгөөд УИХ 2007 онд соёрхон баталжээ. Энэхүү хэлэлцээр нь олон улсын ач холбогдол бүхий төмөр замын шугамуудыг тодорхойлсон бөгөөд хэлэлцээрт оролцогч талууд тус тусын бодлогын баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлбэл зохих уялдуулсан төлөвлөгөө хэлбэрээр батлагджээ. 2024 оны байдлаар хэлэлцээрт оролцогч 25 улс байгаагаас манай хоёр хөрш болох Орос, Хятад багтаж байгаа юм.
Транс-Азийн төмөр замын сүлжээний ажлын хэсгийн 2023 оны хуралдаанаар тус хэлэлцээрт төмөр замын тээврийн мэдээллийг цахимаар солилцох ерөнхий зарчмуудыг шинэ гуравдугаар хавсралтаар нэмж баталсан аж. Тус зарчмуудын зорилго нь Транс-Азийн төмөр замын сүлжээнд төмөр замууд хооронд, түүнчлэн төмөр замууд болон хилийн хяналтын байгууллага (Гаалийн байгууллага)-ууд хооронд харилцан цахим мэдээлэл солилцохтой холбоотой зохицуулалтыг уялдуулах үндэс суурийг бий болгожээ.
Монгол Улс нь тус хэлэлцээрийн оролцогч улсын хувьд хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орсноор бусад улс орнуудтай нэг зарчимд тулгуурлан төмөр замын тээврийн цахим мэдээлэл солилцох, энэ талаар нарийвчилсан хоёр талт болон олон талт гэрээ хэлэлцээр байгуулах боломж бүрдэх бөгөөд ингэснээр төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөхөд түлхэц үзүүлнэ гэж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцуулаад байсан юм.
Нийтэлсэн огноо2025-04-11