ҮСХ: Улсын хилээр орсон гадаадын зорчигчид, өмнөх оны мөн үеэс 13 хувиар өсөв www.eagle.mn
Манай улсын хилээр 2025 оны эхний улиралд 1 632.6 мянган (давхардсан тоогоор) зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 290.2 мянгаар нэмэгджээ. Тодруулбал, 2025 оны эхний улиралд 825.1мянган зорчигч улсын хилээр орсны 38.1 хувь нь Замын-Yүд, 25.5 хувь нь Чингис хаан, 9.0 хувь нь Алтанбулаг, 8.6 хувь нь Гашуун сухайт, 4.8хувь нь Шивээхүрэн, 14.0 хувь нь бусад боомтоор тус тус орсон байна. Улсын хилээр орсон зорчигчдын 699.5 (84.8%) мянга нь Монгол Улсын иргэд, 125.6 (15.2 %) мянга нь гадаад улсын иргэд байгаагаас Монгол Улсын иргэд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 142.5 (25.6%) мянга, гадаад улсын иргэд 14.7 (13.3%) мянгаар тус тус нэмэгджээ.
Улсын хилээр орсон гадаадын зорчигчдыг бүс нутгаар нь авч үзвэл 60.2 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг, 35.1 хувь нь Европ, 1.9 хувь нь Америк, 1.6 хувь нь Ойрх Дорнод, 1.0 хувь нь Өмнөд Ази, 0.2 хувь нь Африк тивийн зорчигчид эзэлж байна. Хилээр орсон гадаадын зорчигчдын 42.6 хувь нь БНХАУ-ын иргэд, 30.6 хувь нь ОХУ-ын иргэд, 8.0 хувь нь БНСУ-ын улсын иргэд, 2.3 хувь нь Казахстан улсын иргэд, 2.2 хувь нь Япон улсын иргэд, 14.3 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлж байна хэмээн Үндэстний статистикийн хорооноос мэдээллээ.
Нийтэлсэн огноо2025-04-16