Б.Батдаваа: Экспортын орлого оны эхний гурван сард 600 сая доллароор буурсан www.eagle.mn
Найман шарга валют арилжааны төвд америк долларын ханш 3600 төгрөгт хүрлээ. Төгрөгийн ханш сулрахад юу нөлөөлж байгаа талаар Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваатай ярилцлаа.
-Гуравдугаар сарын байдлаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш ямар байв. Ханш суларч байгаа үзэгдлийг та хэрхэн харж байгаа вэ?
-Сүүлийн нэг сарын хугацаанд төгрөгийн ам.доллартой харьцах ханш 100 орчим төгрөг буюу гурав орчим хувиар суларлаа. Энэ нь хэд, хэдэн зүйлээс шалтгаалж байна. Хамгийн гол нь, төлбөрийн тэнцлийн нөхцөл байдалтай холбоотой. Монгол Улсын нийт төлбөрийн тэнцэл оны эхний хоёр сарын байдлаар 742 сая ам.долларын алдагдалтай гарсан. Өнгөрсөн жилийн мөн үед 38 орчим сая ам.долларын ашигтай, 2023 оны үед 66 сая ам.долларын ашигтай байсан бол одоо 700 гаруй сая ам.долларын алдагдалтай болсон нь ханшид сөрөг нөлөө үзүүлж байна. Төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэн нь гадаад худалдааны тэнцлээс хамаарч байгаа. Экспортын орлого оны эхний гурван сарын хугацаанд 17.5 орчим хувь буюу 600 гаруй сая ам.доллароор буурсан. Үүний дийлэнх хувийг нүүрсний экспортын орлого эзэлж байна. Нүүрсний экспортын орлого 900 гаруй сая ам.доллароор буурсан байна. Төмрийн хүдэр ч бага зэрэг буурсан. Өсөлттэй байгаа нь зэсийн баяжмал. Зэсийн баяжмалын биет хэмжээ эхний гурван сарын байдлаар 90 орчим мянган тонноор нэмэгдээд, 200 гаруй сая ам.доллароор орлого нэмэгдээд байна. Гэсэн ч энэ нь нүүрсний экспортын алдагдлыг нөхөж чадахгүй, төлбөрийн тэнцэл дээр алдагдал нэмэгдэхэд нөлөөлж байна.
-Зөвхөн ам.доллар биш бусад валютын ханш ч суларч байх шиг байна?
-Дэлхийн тарифын дайнтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр сүүлийн сар гаруй хугацаанд тогтворгүй байдал бий боллоо. Ялангуяа, АНУ-аас экспорт нь маш их хамааралтай байдаг улсуудын хувьд тодорхойгүй байдал хэвээр байна. Бидний хувьд анхаарах ёстой зүйл нь, Монгол Улсын нийт экспортын 93-95 хувийг худалдаж авдаг БНХАУ, АНУ хоёрын худалдааны нөхцөл байдал тодорхойгүй байна. Энэ нь БНХАУ-ын өсөлтөд хэрхэн нөлөөлөхөөс манай улсын экспортын гол түүхий эдийн үнэ хамаарна. Учир нь дэлхийн нийт зэсийн хэрэглээний 60-аас дээш хувь, гангийн хэрэглээний 70 орчим хувийг БНХАУ дангаараа бүрдүүлдэг. Ган хэрэглэнэ гэдэг нь нүүрс, жонш ашигладаг учир манай улсын экспортын бүтээгдэхүүнд хамааралтай. Нөгөө талаараа, дэлхийн зах зээл дээр тогтворгүй, ойлгомжгүй байдал эрсдэл нэмэгдэхийн хэрээр алтны үнэ нэмэгдэж байна. Одоо 3400 ам.долларт хүрсэн. АНУ-ын тавьсан тарифаас шалтгаалаад, дэлхийн гол хөрөнгийн биржүүд дээр савлагаатай, эрсдэлийн нөхцөл үүссэн. АНУ-ын Засгийн газрын бонд ч сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд тогтворгүй болсон.
-Валютын нөөц өссөн ч ханш сулрах үзэгдэл үргэлжилсэн дүр зурагтай байна. Ханшийн эсрэг ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж та харж байгаа вэ?
-Валютын ханш нь Монгол Улсын нийт олж байгаа болон зарж байгаа валютаас хамаарч ханш тогтоно. Түүнчлэн төгрөг талаа анхаарах хэрэгтэй. Төгрөгийн нийлүүлэлтийг хэт өндөр байлгавал энэ нь валютын ханшид сөрөг нөлөө үзүүлнэ. Тиймээс Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо хамтраад өр, орлогын харьцаа, бодлогын хүү дээр тодорхой тохиргоо хийсэн.
-Энэ онд импортын өсөлт хаана түлхүү байна вэ?
-Оны эхний гурван сарын байдлаар импорт 5.5 хувь буюу 130 орчим сая ам.доллароор нэмэгдсэн. Үүний дийлэнхийг суудлын автомашины импорт эзэлж байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд нийт 36 мянган ширхэг суудлын автомашин импортолсон гэх статистик бий. Суудлын автомашины импорт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа нь цалингийн болон хэрэглээний зээлийн өсөлт гэхчлэн хэд, хэдэн хүчин зүйлээс хамааралтай.
-Инфляц өсөхөд юу голчлон нөлөөлж байна вэ?
-Өнгөрсөн оны сүүлээс эхлээд үнийн өсөлтийн хурдац өндөр болсон. Өргөн хэрэглээний бараа дотроо махны үнийн өсөлт инфляц өсөхөд нөлөөлж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улс зудын нөхцөл байдалтай байлаа. Нийт малын тоо 700 сая толгойгоор зудын улмаас буурсан. Үүний улмаас хүнсэнд бэлтгэсэн малын тоо буурсан. Махны нийлүүлэлт буурсан нь үнэ өсөхөд нөлөөлсөн. Мөн өнгөрсөн 11 дүгээр сард эрчим хүчний тариф нэмэгдсэн нь нөлөөлсөн. Инфляцын өсөлтийн 2.1 хувийг цахилгааны үнийн өсөлт бүрдүүлж байна.
Нийтэлсэн огноо2025-04-22