827 тэрбумын төсөвтэй "Сэлбэ дэд төв"-ийн орон сууцны тендерт Хятадын 14 компани шалгарчээ www.eguur.mn
Монголын барилгачдын нэгдсэн холбооноос "Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт монгол аж ахуй нэгжүүд оролцох боломжгүй болчхоод байгаа. Иймд Төрийн гурван өндөрлөг болон УИХ-д суудалтай намын бүлгүүдэд шаардлага хүргүүлэхээр болсон" хэмээн мэдээлэл хийсэн юм.
Нээлттэй тендерт яагаад Монгол компаниуд оролцож чадаагүй. Орон сууцны хороолол барих туршлагатай дотоодын асар олон компани бий.
Сэлбэ дэд төв орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын ажлыг гүйцэтгүүлэх хоёр багц тендер зарлагдсан. Нийт өртөг нь 827 тэрбум төгрөг.
Ингэхдээ Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 158 га талбайд Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж буй. Тодруулбал, Сэлбэ дэд төвд нийт 10063 айлын 113 блок орон сууц барихаас 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах юм.
Мөн Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслөөр 47.530 ам.метр талбайд авто зогсоол барина. Гурван блок сургууль, таван блок цэцэрлэгтэй байна. 100 ортой эмнэлэг барьж, 152.650 ам.метр талбайд худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга, спорт цогцолбор, ногоон байгууламж, авто болон дугуйн зам, явган хүний замыг цогцоор нь шийднэ хэмээн үзээд буй.
Тендерт оролцогчдод санхүүгийн чадавхийн босгыг анхнаас нь өндөр тавьжээ
Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 5 жил буюу 2020, 2021, 2022, 2023 (2024) онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээ: Батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
Банк, санхүүгийн байгууллагад тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өргүй байна.
Харин гадаадын этгээд тендер ирүүлэх тохиолдолд үүсгэн байгуулагдсан, эсхүл оршин суугаа улсын эрх бүхий байгууллагаас гаргасан аудитлагдсан санхүүгийн тайлан, түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг нотлох баримт бичиг, харилцагч арилжааны банкнуудаас авсан зээлийн мэдээллийг ирүүлэх шаардлагатай хэмээн тусгажээ.
Тусгай зөвшөөрлийн хувьд, Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог зургаан зөвшөөрлийг эзэмшдэг байх шаардлагатай. Үүнээс гадна тендерийн баталгааны дүн болох 1.8 тэрбумыг захиалагчийн дансанд байршуулж байж ажил эхэлнэ гэж заасан.
Эл шаардлагуудтай холбоотойгоор Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар "Сэлбэ дэд төвийн орон сууцны цогцолбор хорооллын тендерийг хоёр үе шаттайгаар зарласан ч монгол компаниуд оролцох боломжгүй болгосон байна. Тендерийн нийт дүнг хэт өндөр тогтоосон. Мөн тендерийг бүхэлд нь нэг багцаар зарласан нь үндэсний компаниудын оролцоог хааж байгаа хэрэг. Хэсэгчлэн хувааж зарласан бол олон компани хамтран оролцох боломжтой байлаа. Тендерийн шаардлагадаа 2020, 2021, 2022 эсвэл 2023 оны аль нэг жилд 130 тэрбум төгрөгөөс дээш орлоготой ажилласан байх ёстой гэсэн байна. Гэтэл цар тахлын дараах эдийн засгийн хямралаас үүдэн энэ салбар хүнд нөхцөлд орсон.
Тендерт гадаадын компанийг оролцуулах боломжийг нээсэн бөгөөд урьдчилгаа төлбөр олгохоор тусгасан. Харин монгол компаниуд банкнаас 30 хувийн зээл авч байж оролцдог, урьдчилгаа төлбөр бараг олддоггүй. Монголын 5000 орчим барилгын компани нийлээд ч энэ тендерт оролцох боломжгүй байдалд байгаа" хэмээн эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.
Хятад компаниуд Монголын талын хөрөнгө оруулалттай гэсэн тодотголоор улсын бүртгэлд бүртгүүлсэн байна
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас "Сэлбэ дэд төв"-ийн орон сууц барих хоёр тендерийн материал хүлээн авах хугацаа дууссан, нийт 14 хятад компани үнийн саналаа ирүүлсэн байна.
Тодруулбал, Нэгдүгээр багцын хувьд 373.6 тэрбумын өртөгтэй бөгөөд дараах есөн компани үнийн саналаа ирүүлсэн байна. Үүний зургаа нь Монголын, гурав нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай байгаа юм. Үнийн саналын дүнгээр нь жагсаавал,
БНХАУ-ын "Sinohydro Есдүгээр товчоо инженеринг" компани 475.6 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн, хөнгөлөлтгүй, тендерийн баталгаагүй байгаа юм.
Уг компани Улсын бүртгэлийн нэгдсэн системд / 2023-05-23/-нд барилга угсралтын үйл ажиллагааны чиглэлтэй хэмээн бүртгүүлсэн байна.
Монголын талын хөрөнгө оруулалттай Shandong Huagong Construction Group Co Ltd. ХХК 373.4 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн, тендерийн баталгаатай
Тухайн компани Улсын бүртгэлийн нэгдсэн системд /2025-01-09/-нд барилга угсралт, барилгын зураг төсөл үйл ажиллагааны чиглэлтэй хэмээн бүртгүүлсэн байна.
Монголын хөрөнгө оруулалттай Си Эс Эм Си ХХК нь 373.2 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн, тендерийн баталгаатай
Тус компани Улсын бүртгэлийн нэгдсэн системд / 2024-04-29/-нд гадаад худалдааны үйл ажиллагааны чиглэлтэй хэмээн бүртгүүлсэн байна.
Монголын талын хөрөнгө оруулалттай "China Construction 6th Engineering" групп 368.8 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн, тендерийн баталгаатай
Тухайн компани Улсын бүртгэлийн нэгдсэн системд /2024-06-12/-нд төмөр зам болон авто замын байгууламж барих үйл ажиллагаа үйл ажиллагааны чиглэлтэй хэмээн бүртгүүлсэн байна.
Монгол хөрөнгө оруулалттай "Changda Municipal Engineering Guangdong" Co.Ltd 362.4 тэрбум төгрөг, үнийн хөнгөлөлт 3.99% буюу 14.4 тэрбум төгрөг. Үнийн хөнгөлөлт хасагдаж, 347.9 тэрбум болсон. Тендерийн баталгаатай
Уг компани Улсын бүртгэлийн нэгдсэн системд /2025-04-21/-нд барилга угсралтын үйл ажиллагаа үйл ажиллагааны чиглэлтэй хэмээн бүртгүүлсэн байна.
Хятадын хөрөнгө оруулалттай "Shanghai Baoye Group" 361.6 тэрбум төгрөг, тендерийн баталгаатай.
Монголын хөрөнгө оруулалттай "China Road and Bridge Corporation" 359.3 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн, тендерийн баталгаатай
Тухайн компани Улсын бүртгэлийн нэгдсэн системд /2019-03-18/-нд зам гүүр,талбай барих, засварлах үйл ажиллагаа үйл ажиллагааны чиглэлтэй хэмээн бүртгүүлсэн байна.
Хятадын хөрөнгө оруулалттай "Хуашан интернэшнл энжинеринг монголиа лимитэд" ХХК 349.6 тэрбум төгрөгийн үнийн саналтай, тендерийн баталгаатай.
Тус компани Улсын бүртгэлийн нэгдсэн системд /2024-12-10/-нд барилгын засвар үйлчилгээний үйл ажиллагааны чиглэлтэй хэмээн бүртгүүлжээ.
Монголын хөрөнгө оруулалттай "China Tiesiju Civil Engineering Group" Co., Ltd тендерийн баталгаатай, 344.7 тэрбумын үнийн санал ирүүлсэн.
Уг компани Улсын бүртгэлийн нэгдсэн системд /2025-03-24 /-нд Төмөр зам болон авто замын байгууламж барих үйл ажиллагааны чиглэлтэй хэмээн бүртгүүлжээ.
Харин хоёрдугаар багцад нийт зургаан компани оролцсон байна. Үүнээс дөрөв нь Монгол, хоёр нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай байгаа юм.
Монгол хөрөнгө оруулалттай PowerChina Construction Group Ltd 552.5 тэрбум төгрөг, тендерийн баталгаа харагдаагүй.
Тухайн компани Улсын бүртгэлийн нэгдсэн системд /2025-04-16/-нд барилгын засвар үйлчилгээний үйл ажиллагааны чиглэлтэй хэмээн бүртгүүлжээ.
Хятад хөрөнгө оруулалттай Shandong Luqiao Group Co,Ltd 453.4 тэрбум төгрөг, үүнээс үнийн хөнгөлөлт 18.5 тэрбум төгрөг, хоёр тэрбум төгрөгийн тендерийн баталгаатай
Улсын бүртгэлийн нэгдсэн системд бүртгүүлсэн огноо нь /2024-10-22/, үйл ажиллагааны чиглэл нь төмөр зам болон авто замын байгууламж барих үйл ажиллагаа.
Монголоос хөрөнгө оруулалттай China Construction Sixth Ergineering Bureau Corp Ltd ХХК 448.6 тэрбум төгрөг, 2.2 тэрбум төгрөгийн тендерийн баталгаатай
Тухайн компани Улсын бүртгэлийн нэгдсэн системд /2024-06-12/-нд төмөр зам болон авто замын байгууламж барих үйл ажиллагаа үйл ажиллагааны чиглэлтэй хэмээн бүртгүүлсэн байна.
Shanghai Baoye Group Corp,Ltd 441.6 тэрбум төгрөг, 2.2 тэрбум төгрөгийн тендерийн баталгаатай
Монголын талын хөрөнгө оруулалттай Changda Municipal Engineering Guangdong Co.Ltd 439.8 тэрбум төгрөг, 2.2 тэрбум төгрөгийн тендерийн баталгаатай
Уг компани Улсын бүртгэлийн нэгдсэн системд /2025-04-21/-нд барилга угсралтын үйл ажиллагаа үйл ажиллагааны чиглэлтэй хэмээн бүртгүүлсэн байна.
Монгол хөрөнгө оруулалттай China First Highway Engineering Company Limited 424.1 тэрбум төгрөг, 2.2 тэрбум төгрөгийн тендерийн баталгааг тус тус Монгол Улсын банкны дансанд байршуулжээ.
Улсын бүртгэлийн нэгдсэн системд бүртгүүлсэн огноо нь 2024-11-14, үйл ажиллагааны чиглэл нь дэд бүтэц гэсэн байв.
Өөрөөр хэлбэл дотоодын компаниудыг уг тендерт оролцуулаагүй. Гэвч Монголын талаас хөрөнгө оруулалттай, тендер зарлагдахаас жил дотор улсын бүртгэлд бүртгүүлчихсэн тендерт оролцож, ажил гүйцэтгэж байгаагүй Хятад компаниуд байгааг олж харж болохоор байгаа юм.
Бид эл агуулгыг эргэн мэдээлэх болно…
О. Онон
МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-05-02