“Өндөрхаан нисэх буудал” нээлтээ хийлээ www.eguur.mn
Өнөөдөр "Өндөрхаан" нисэх буудал нээлтээ хийлээ. Тус нисэх буудал нь Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар, нийт 9.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон улсын жишигт нийцүүлэн баригдсан бөгөөд орчин үеийн иж бүрэн үйлчилгээ бүхий шинэ терминал юм.
Нисэх буудлын нээлтийн үйл ажиллагаанд ажиллагаанд аймаг, орон нутгийн удирдлагууд, УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан, Кувейтийн хөгжлийн сангийн Ерөнхий захирал Валид Аль Бахар, Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мутлак А.М. Альтувимер, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд П. Сэргэлэн, "Өндөрхаан” нисэх буудлын дарга Ц.Амгаланбаатар нисэх буудлын үе үеийн ажилтнууд, ахмад нисгэгчдийн хамт оролцсон байна.
”Өндөрхаан” нисэх буудал нь анх 1958 онд Зөвлөлтийн нисэх отрядын суурин дээр байгуулагдаж, ердөө долоон орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр олон улсын стандарт хангасан, иж бүрэн шинэчлэгдсэн бүтээн байгуулалт болон дахин сэргэжээ.
Шинэ нисэх буудал нь 1438м² талбай бүхий зорчигч үйлчилгээний барилга, 516м² талбай бүхий газрын үйлчилгээний гарааш, инженерийн дэд бүтэцтэй, 100х130м хэмжээтэй перрон талбайтай, 2,200х30м хэмжээтэй хөөрч буух зохист хайрган хучилттай зурвастай Олон улсын иргэний нисэхийн байгууллагa (ICAO)-ын 3С ангиллын шаардлага хангасан, цагт 50 зорчигч хүлээн авах хүчин чадалтай болсон аж.
Нийтэлсэн огноо2025-07-04