Валютын нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрлээ www.news.mn
Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтэдүүд ерөнхийдөө уруудсан, унасан үзүүлэлттэй байна. Сүүлийн хэдэн жил уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний үнийн өсөлттэжй холбоотойгоор макро эдийн засгийн үзүүлэлтээд өссөн, өөдрөг байсан нь энэ онд улсын төсвийг 27 их наядаас 33 их наяд хүртэл тэлэх шалтгаан болсон.
Угтаа эдийн засагт өсөлт болон уналтын ханалтын цэг гэх ойлголт бий. Харамсалтай нь өсөлттэй байх өөдрөг үзүүлэлтийг мөнхийн үргэлжлэх мэт санасан, зөрүүдэлсэн, зүтгэсэн харалган бодлого тодорхойлогч нарт салбарын судлаачид, эрдэмтэн судлаачдын "уул урхайн бүтээгдэхүүний үнэ буурч, орлого саарах тухай" анхааруулга, сэрэмжлүүлэг хандны цуурай мэт л байсан.
Харин өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний үнэ төсөөлсөн хэмжээнээс нь 40-50 хувиар буурч, улсын төсвийн гүйцэтгэл саарч, төлбөрийн тэнцэл алдагдагдалтай гарч байна. Нийт экспорт 2025 оны эхний таван сард 5.4 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 15 хувь буюу 931 сая ам.доллароор, төсвийн нийт орлого 2025 оны эхний таван сард 11.4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11 хувь буюу 1.3 их наяд төгрөгөөр буурсан. Тэр дундаа экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ Гаалийн ерөнхий газраас зарладаг албан статистик мэдээллээр 2025 оны эхний таван сарын байдлын дунджаар 72 ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унасан нь уул уурхайгаас хэт хамааралтай Монгол Улсын эдийн засаг хүндрэл, сорилттой нүүр тулсан гэдгийг илтгэж байгаа юм.
Ийнхүү эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг бус байгаа энэ үед Монгол Улс гадаад валютын албан нөөцийнхөө хувь хэмжээг чадвал нэмэгдүүлэх, чадахгүй бол бууруулахгүй байхад чиглэсэн бодлого баримтлах нь эдийн засагт үүсэх олон хүндрэлээс сэргийлэх боломж олгох юм. Оны эхний зургаан сарын урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэлийн алдагдал 470 орчим сая ам.долларт хүрэхээр байгааг Монголбанкнаас мэдээллэсэн. өөрөөр хэлбэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад төлбөрийн тэнцэлийн алдагдал 8 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Цаашид түүхий эдийн үнийн уналтаас үүдэлтэй төлбөрийн тэнцлийн алдагдал өсөх магадлал өндөр байна.
Энэ оны эхэнд буюу 2024 оны эцэст түүхэн дээд хэмжээнд хүрч 5.5 тэрбум ам.долларт хүрч байсан гадаад валютын албан нөөц оны эхээс түүхий эдийн үнийн уналтаас үүдэн буурах чиг хандлагатай байсан юм.
Тэгвэл Монгол Улсын гадаад валютын албан нөөц зургаадугаар сарын эцэст өмнөх сараас 0.24 хувиар өсөж, 5.2 тэрбум ам.долларт хүрснээр валютын төлбөртэй импортын 6-7 сарын хэрэгцээг хангахуйц түвшинд байна. Ингэснээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.59 хувиар өссөн бол оны эхэн үетэй харьцуулахад 5.51 хувиар буураад байна.
Оны эхний зургаан сарын урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэлийн алдагдал 470 орчим сая ам.долларт хүрэхээр байгааг Монголбанкнаас мэдээллэсэн. Өөрөөр хэлбэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад төлбөрийн тэнцэлийн алдагдал 8 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Цаашид түүхий эдийн үнийн уналттай холбоотойгоор экспортын орлого буурсаар байх тохиолдолд төлбөрийн тэнцэлд ирэх сөрөг нэмэгдэх эрсдэлтэй бөгөөд алт тушаалтыг нэмэгдүүлэх нь тус дарамтыг бууруулах нэг хүчин зүйл болно. Монголбанк одоогоор валютын нөөцийнхөө 15 орчим хувийг алтаар байршуулж байна. Тиймээс хөрсөн доороо валютын нөөцөө хадгалж байгаа Монгол Улсын хувьд алтны үнэ өссөн боломжийг алдаж болохгүй гэдгийг зарим улстөрчид хэлж байгаа бол олон жилийн турш 2000 орчим ам.долларын үнэтэй байсан алтны үнэ одоо 60-70 хувь нэмэгдэж 3450 ам.долларт хүрсэн энэ цаг мөчид Алт-3 хөтөлбөрийг эрчимжүүлж валютын нөөцөө нэмэгдүүлэх талаар ч санал санаачилга Засгийн газар, УИХ-ын түвшинд яригдаж байна. Засгийн газар өмнө нь 1992-2000 онд “Алт хөтөлбөр” болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг, 2016-2020 онд “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байсан түүхтэй. Харин одоо хэрэгжүүлэхээр зарласан “Алт-3” хөтөлбөр нь алтны олборлолтыг нэмэгдүүлж, улсын валютын нөөцийг зузаатгах, төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад чиглэсэн байна.
Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар зургаадугаар сард 480 сая ам.долларыг банкнуудад нэг болон ялгаатай ханшаар нийлүүлсэн бөгөөд ингэснээр аж ахуйн нэгжүүдийн валютын төлбөртэй бараа, үйлчилгээний төлбөрийг саадгүй гүйцэтгэх нөхцөлийг хангаж ажилласан байна.
Нийтэлсэн огноо2025-07-04