Шинэ Засгийн газрын өмнөх эдийн засгийн сорилтууд www.eguur.mn
Дараагийн Засгийн газар бүрдэхийн босгон дээр улс төрийн үйл хэргээс илүүтэй өнөөгийн эдийн засгийг дордуулахгүй байх хүндхэн үүрэг оногдоно.
Ямар Засгийн газар бүрдэх хийгээд тэргүүлэгчээр нь хэн байхаас үл хамааран урд хүлээж буй хамгийн чухал сорилтууд бол төгрөгийн ханшийг тогтворжуулах, төсвийн алдагдлыг нөхөх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, оны төгсгөлд алдагдалгүй төсөв батлах.
Геополитикийн сорилтуудыг дагасан томоохон төслүүдийг гацаалгүй үргэлжлүүлэх зэрэг макро эдийн засгийн олон сорилтууд хүлээж байна.
Төсвийн орлогыг тогтворжуулж, ДНБ-д харьцах орлогыг бодит түвшинд хүргэх
Өнгөрсөн жилийн төсвийн алдагдлыг 1.4 их наядаар тооцож батлаж байсан бол 2025 оны улсын төсвийн зарлагыг 35.8 их наяд, орлогыг 33.7 их наяд буюу 1.9 их наядын алдагдалтай байхаар тооцоод тусгачихсан.
Ингэхдээ ДНБ-д төсвийг зарлагын эзлэх хэмжэг 33.7 хувь буюу өндөр өсөлттэйгөөр төсвийн төслийг боловсруулсан байдаг. Гэтэл ДНБ-д харьцах орлогын хэмжээ 33.7 хувь бус 25.7 байх тооцооллыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс тооцоолон гаргасан нь хамгийн бодит түвшин юм.
Сангийн яамны энэ өөдрөг төсөөлөл бодит байдлаас холдож, инфляц он гарснаас хойш 10.6 хувь буюу хоёр оронтой тоо руу орчихсон. Оны эхний улиралын инфляц зарлагдах үед 11 хувьд ч хүрсэн байхаар хэмжээнд үнэ өсөж, нөгөө талд валютын нөөц багаас үүдсэн төгрөгийн ханшийн сулрал явагдсаар байна.
Оны эхний хоёр сарын дүнгээр төсвийн орлого 4.1 их наяд төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 22.9 хувиар буурч, эргээд зарлага, цэвэр зээлийн дүн 4.6 их наяд буюу өмнөх оны мөн үеийнхээс 22.1 хувиар өсөөд байсан билээ.
Харин эхний улиралд төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 353 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.979.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, төлөвлөсөн дүнгээс 2.4 тэрбум төгрөгөөр буурсан дүн юм. Харин төсвийн орлого эхний улирлын байдлаар 6.4 их наяд төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 571.8 тэрбум төгрөгөөр буюу 8.5 хувиар дутуу биелсэн бол өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөг буюу 16 хувиар буурсан байна.
Засгийн газрын урт хугацааны төлөвлөгөө буюу 14 мега төслийг хэрэгжүүлэх
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын танхимаараа зорьж эхлүүлсэн 14 мега төслийн 5 нь хөдлөж, гэрээ үзэглэгдсэн.
Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр замын төсөл
Тавантолгойн дулааны цахилгаан станцын төсөл
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл
Эгийн голын усан цахилгаан станцын төсөл
Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх
төсөл
Хэрлэн-Тоонот, Орхон-Онги ус дамжуулах хоолойн төсөл
Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын төсөл
Монгол, Францын хамтарсан Ураны төсөл
Нүүрс-хими, Кокс-химийн цогцолборын төсөл
Зэс боловсруулах цогцолборын төсөл
Гангийн цогцолборын төсөл
Газрын тос боловсруулах цогцолборын төсөл
Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл
Үндэсний хиймэл дагуулын төсөл
Монгол Улсын нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 4,000 ам.доллар дээр 10 орчим жил байсан бөгөөд цаашид боомтын хил холболтуудыг хийснээр эрдэс баялгийн салбарын далд эдийн засаг ил болж, аялал жуулчлалаас олох орлого нэмэгдэх, цаашлаад нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 6,800 орчим ам.долларт хүргэнэ хэмээн Засгийн газрын зүгээс зорьж байсан билээ.
Нүүрсний экспортыг 83 сая тонн болон түүнээс өндөр дүнд хүргэх
Тухайлбал, Монгол Улсын нүүрсний дундаж үнэ 2024 оны сүүлчээр түүхэн дээд түвшиндээ буюу 153 ам.доллар хүрснээс хойш 2025 оны эхэн үед 40 хувиар буурч, тонн тутмын үнэ ойролцоогоор 100 орчим ам.доллар болсон нь экспортын орлогод сөргөөр нөлөөлсөөр байгаа.
Гол худалдан авагч Хятадын нүүрсний томоохон уурхайн олборлолт өнгөрсөн жил өссөн нь импортын шаардлагыг тодорхой хэмжээгээр бууруулж байна. Тухайлбал, 2025 оны эхний улиралд тус улсын 10 том нүүрсний компани нийт 591.24 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх жилээс 7.21 хувиар өссөн үзүүлэлт байв. Хятадын дотоод олборлолт нэмэгдсэн нь импортыг багасгах хүчин зүйл болж буй.
Монгол–Хятадын хил дамнасан нүүрс тээврийн гол гарц Гашуунсухайт–Ганцмод боомтоор эхний улиралд нийт 11.34 сая тонн ачааны 10.82 сая тонн нь нүүрс тээвэрлэлтийн ачаалал өндөр байгааг харуулж буй. Үүнээс гадна Ганцмод боомтын агуулахад 9.5 сая тонн нүүрс хуримтлагдсан нь хятадын дотоодын үйлдвэрүүдийн худалдан авалт, тээвэрлэлтэд удаашрал үүссэнээс үүдэлтэй.
Ингээд харахаар шинээр байгуулагдах Засгийн газрын өмнө өнгөрсөн жилийн төгсгөлд Улсын төсөвт 83 сая тонныг экспортолно гэсэн анхан зорилгодоо хүрэх, цаашлаад үнэ унасантай холбоотойгоор нүүрсний биет хэмжээг 90-100 сая хүртэл нэмэгдүүлэх зэрэг асуудлууд зөвхөн энэ салбарт л гэхэд чухал хүлээлтэд ороод байна.
Мөн Засгийн газрын өрийн хэмжээ өнгөрсөн оныхоос 16 хувиар нэмэгдэж 34.6 их наядад хүрэв. Түүнчлэн "Антрэ ресурс"-тай хийх хэлцэл нь шинэ Засгийн газрын хувьд "Оюу Толгой"-н хөрөнгө оруулалтын гэрээтэй ижил хэмжээний хариуцлага, үүнийг дагасан эдийн засагт өгөөжтэй шийдэл боловсруулж чадах эсэх томоохон хүлээлт бий.
Энэ онд Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгож, өр орлогын харьцаа өөрчлөгдсөн, гадаад валютын улсын нөөц өмнөх жилүүдээс өсөлттэй явж байгаад энэ онд буурав. Үүнийг дагасан валютын ханшийн өсөлт, цаашлаад инфляцын өсөлт, эдийн засгийн өсөлт саарах нөхцөл үүсчихээд байгаа дээр шинэ Засгийн газар хүчээ хаяхаас аргагүй. Ямар имижтэй Ерөнхий сайд томилогдохоос хамаарч гадны шууд хөрөнгө оруулалтууд ч мөн хэрхэх эсэх нь ил тодорхой харагдана.
Өөрөөр хэлбэл улсын эдийн засгийг хүндрүүлчихгүй байх нь дараагийн Засгийн газрын нэн тэргүүний асуудал болов.
Нийтэлсэн огноо2025-06-04