Францын талын гаргасан Эгийн голын УЦС-ын байгаль орчны үнэлгээг Оросууд өөрсдөө шинээр хийнэ www.eguur.mn
Манай улсын зүгээс Эгийн голын УЦС-ын байгаль орчны үнэлгээг Францын компаниар хийлгүүлсэн билээ. Дүгнэлтээр Эгийн голын УЦС нь Байгал нуурт сүртэй том нөлөөлөл үзүүлэхгүй гэх дүгнэлт гаргасан боловч ОХУ-ын талаас үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Оросын байгаль экологийн яам, манай Байгаль орчны яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулан дахин дүгнэлт гаргахаар ажиллаж эхэлсэн юм. Оросын дотоодын хэвлэлүүдэд Эгийн голын УЦС-ын байгаль орчны үнэлгээг эхлүүлэх болсон талаар мэдээлснийг орчуулан хүргэж байна.
Улаанбаатарт Орос, Монголын эрдэмтэд хамтран Эгийн голын усан цахилгаан станц барих нь Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурт үзүүлэх боломжит нөлөөллийг цогцоор үнэлэх төлөвлөгөөг баталлаа.
Энэхүү баримт бичигт судалгаа, хурал зөвлөгөөн зохион байгуулах болон талуудын хооронд мэдээлэл солилцох хугацаа зэргийг тусгасан талаар Матросовын нэрэмжит онолын хүрээлэнгийн Телеграм сувгаар мэдээлжээ.
Талууд тус бүр өөрийн нутаг дэвсгэр дээр гол судалгаагаа явуулж, мэргэжилтнүүдийг оролцуулах юм. 2025 оны 8-р сарын 11-нд Оросын талын усны экосистем судлах экспедиц Монголын Шинжлэх ухааны академийн эрдэмтнүүдийг оролцуулан эхлүүлжээ. Эцсийн хамтарсан тайланг 2026 оны 11-р сард танилцуулах бөгөөд уг тайланг хоёр орны Засгийн газрын түвшинд авч хэлэлцэх ба ЮНЕСКО-д илгээх юм.
Монголын Шинжлэх ухааны академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнд болж, УИХ-ын гишүүд, хоёр орны Шинжлэх ухааны академийн удирдлага болон Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын төлөөлөгчид оролцлоо. Оросын талаас академич Игорь Бычков болон техникийн ухааны доктор Вячеслав Никитин оролцсон байна.
Бычковын хэлснээр, усан цахилгаан станцыг барихад үүсэж болох байгаль орчны асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх арга замыг зөвлөмжид тусгах ёстой гэсэн юм. Никитин өмнөх болон эцсийн үр дүнгүүдийг Иркутск, Улаанбаатар болон Москвад болох уулзалтуудад танилцуулах талаар тодотгосон юм.
Эргэн сануулахад, Монгол Улс Сэлэнгэ мөрөн болон түүний сав газрын голд гурван усан цахилгаан станц барихаар төлөвлөж, үүний санхүүжилтийг Дэлхийн банкнаас авах төлөвлөгөөтэй байсан юм. Монгол Улс 2016 онд зарласан Шүрэн болон Орхон голын усан түвшний байгууламжийн Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлэх тендерүүдийг 2017 оны 9-р сард цуцалсан. Энэ нь 2017 оны хавар Буриад болон Иркутск мужид хийсэн зөвлөлгөөнтэй холбоотой юм.
Тухайн үед бүс нутгийн иргэд Сэлэнгэ мөрөн болон түүний сав газрын голд усан цахилгаан станц барихыг эсэргүүцсэн. Иркутскийн эрдэмтэд Байгал нуурын урсацад байгууламж барих нь загасны байгалийн нөөцөд нөлөөлөх, бэлчээрийн хөрс болон ургамлыг доройтуулах эрсдэлтэй гэж мэдэгдэж байсан билээ. Оросын талаас хэд хэдэн удаа уг асуудлаар Монгол Улсад усан цахилгаан станц барихын оронд цахилгаан эрчим хүч нийлүүлэх санал тавьсан.
2019 онд Монгол Улс Эгийн голын усан цахилгаан станцын төслийг бие даасан төсөл болгож, 2024 онд төслийг дорвитой урагшлуулна гэдгээ мэдэгдсэн юм.
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2025-08-15