ОХУ шатахууны экспортын хоригоо 2025 он дуустал сунгалаа www.itoim.mn
ОХУ-ын Засгийн газраас дотоодын зах зээлд үүсээд буй шатахууны хомсдолтой холбогдуулан олон улсад нийлүүлдэг шатахууны экспортдоо энэ оны найм, есдүгээр сард хэсэгчилсэн хориг тавьсан билээ. Гэсэн ч уг хомсдол хэвээр үргэлжлэн шатахууны үнэ тогтмол нэмэгдэж буй шалтгаанаар экспортын хоригоо энэ оны эцэс хүртэл сунгахаар болсныг тус улсын Ерөнхий сайдын орлогч Александр Новак мэдэгдлээ.
Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид бензиний экспортын хоригийг энэ оны эцэс хүртэл сунгаж, мөн дизель түлшийг үйлдвэрлэгч бус оролцогчдоос экспортлохыг хориглох төлөвлөгөөтэй байгаа” гэж мэдэгдсэн бөгөөд албан ёсны шийдвэрийг удахгүй зарлана гэжээ.
Украинаас ирж буй дроны дайралтууд Оросын нефтийн үйлдвэр, станцуудыг онилж буйгаас үүдэн ийн шатахууны хомсдол бий болж, үнэ хөөрөгдөж байна гэж албаны хүмүүс мэдээлсэн. Тухайлбал, өнгөрөгч Пүрэв гарагт АИ-92 бензиний бөөний үнэ нэг тонн нь 79,788 рубль (952 ам.доллар) болж өссөн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин 2024 онд Монгол Улсад айлчлан ирэхдээ “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу манай улсад түлш, шатахууныг тогтмол тасралтгүй худалдах үүргийг хүлээсэн. Засгийн газар хооронд гэрээ хийсэн тохиолдолд уг хориг үйлчлэхгүй тул манай улсад нийлүүлэх шатахуунд өөрчлөлт орохгүй.
Эх сурвалж: TASS, The Moscow Times
BY
Н.Энхжин нь 2024 он тавдугаар сараас iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна. Тэрээр МУИС-ийн хуулийн ангид суралцдаг.
Нийтэлсэн огноо2025-09-26