100 тэрбум төгрөгөөр хийгээр ажилладаг дулааны станц барина www.news.mn
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн мянга орчимд “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны хойд талд 2 га газрыг чөлөөлж, 93 мВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар болсон. Тодруулбал, уг станц нь Дэнжийн мянга дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбож, оргил ачааллын дулааны эх үүсвэр болох аж. Энэ онд багтаан уг төслийн олон улсын нээлттэй тендерийг зарлахаар бэлтгэл ажлыг хангахыг холбогдох албанаас мэдэгдсэн.
Уг төслийн нийт төсөв 100 орчим тэрбум төгрөг бөгөөд НЗДТГ-аас 20 хувийг нь санхүүжүүлж, үлдсэн санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэх хувийн хэвшил өөрсдөө гаргах юм. Энэхүү 93 мВт хийн дулааны станц нь хий цэнэглэх хэсэг, дулаан үйлдвэрлэх хэсэг гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд хий цэнэглэх хэсэг нь хоёр үндсэн орц гарц, нэг туслах гарцтай.
Хийн дулааны станцын барилга, цахилгааны агаарын дэд өртөө, цахилгааны хаалттай хувиарлах байгууламж, галын усан сан, галын насосны барилга, хий цэнэглэх цэг, шингэрүүлсэн хийн парк, хийн насос, гүний худгийн байр, харуулын байрыг тус тус барихаар төлөвлөжээ.
Хийн дулааны станцууд дараах ач холбогдолтой.
Агаар, орчны бохирдлын бууралтад нөлөөлнө
Найдвартай дулаан хангамжийн эх үүсвэр, эрчим хүчний ухаалаг хэрэглээг нэмэгдүүлнэ
Ажлын байр, дэд бүтцийн хөгжилд хувь нэмрээ оруулна
Дулаан хэмнэх шийдэлтэй
Шаталтаас үүсэх хатуу хаягдал байхгүй
Ажиллах хүчний зардал бага
Монгол Улсад анх удаа байгаль орчинд ээлтэй, цэвэр эрчим хүчээр хангах хийн дулааны станцуудыг үе шаттайгаар байгуулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд эдгээр төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа юм.
Нийтэлсэн огноо2025-09-28