Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 54 хувиар нэмэгджээ www.montsame.mn
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.4 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 54 хувь буюу 3.6 их наяд төгрөгөөр нэмэгдлээ.
Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 66.8 хувь буюу 3.4 их наяд, цахилгаан хий, уур агааржуулалтын салбар 43.3 хувь буюу 235.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8.5 их наяд төгрөг болж нэмэгдэхэд металлын хүдэр олборлолтын салбар 2.3 дахин буюу 2.9 их наяд, чулуун, хүрэн нүүрс олборлолтын салбар 17.3 хувь буюу 449.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт зэсийн баяжмал металл агуулгаараа, төмрийн хүдрийн баяжмал, чулуун нүүрс, төмрийн хүдрийн биет хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 40.9 -86.1 хувиар нэмэгдсэн бол цэвэршүүлээгүй алт, хайлуур жонш, газрын тос, хайлуур жонш, хүрэн нүүрс, мөнгө, цайрын баяжмал 1.3 – 88.6 хувиар багассан байна.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт металл бэлдэц, цэвэр спирт, самнасан ноолуур, шохой, цагаан архи, ноолууран сүлжмэл эдлэл, цемент зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.2 – 83.7 хувиар нэмэгдэж, харин ус, ундаа жүүс, гурил, катодын зэс, шингэн сүү, янжуур тамхи, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6.7 – 68.8 хувиар багасжээ.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.6 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 77.3 хувь буюу 5.5 их наяд төгрөгөөр нэмэгдэв. Үүнд уул уурхайн салбарын борлуулалт 99.7 хувь буюу 5.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөллөө.
Гадаад зах зээлд дээрх хугацаанд 9.6 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 9.5 их наяд нь уул уурхай, олборлох салбарынх байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 29.5 хувийг нүүрс, 68.3 хувийг металлын хүдэр, 1.1 хувийг газрын тос олборлолтын, 1.1 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна.
Нийтэлсэн огноо2026-03-18





