"2033 он гэхэд 23 км урт үерийн хамгаалалтын даланг шинээр барина" www.news.mn
Зуны улиралд нийслэлчүүдийн толгойн өвчин болдог асуудлын нэг нь үер усны гамшиг. Нийслэлд хэдхэн минут усархаг бороо ороход улсаараа усанд автах эрсдэлтэйг өнгөрсөн жилүүд харуулсан. Тухайлбал, 2023 оны долдугаар сард дөрвөн хоног үргэлжлэн орсон борооны улмаас дунд гол үерлэж эргээ давснаар далан сэтэрч олон айл үерт автаж эд хөрөнгөөрөө хохирсон. Энэ нь Монголд 1966 оноос хойш тохиосон хоёр дахь том үер болсон гэж албаныхан тухайн үед мэдээлж байв. Тодруулбал, 2023 оны үерт 128,000 гаруй хүн өртөж, 20,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлж байсан. Энэ үерээр 54 байшин, 15 гэр нурсан бөгөөд 141 орон сууцны барилгын зоорины давхар усанд автаж, хийц эвдэрсэн. Мөн 500 гаруй автомашин эвдэрсэн байдаг.
Үерийн нийт хохирол 50.2 тэрбум төгрөг гэсэн тооцоолол гарсан.
Мөн 2024 онд борооны улмаас Дарь-Эх орчмын айлууд үер автсан. Энэ мэт Улаанбаатарт жаахан бороо ороход гудамж талбай битүү усаар дүүрч явган битгий хэл машинтай иргэд явахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Энэ нь борооны ус зайлуулах шугам сүлжээ хангалтгүй байгаагаас үүдэлтэй. Аливаа эрсдэлийг урьтаж тооцоолж хэр зэрэг хохирол багатай даван туулах вэ гэдэг улс орны бэлэн байдлаас шалтгаалдаг. Нийслэлд жил бүр авто зам засаж шинэчилдэг ч үүнийг дагаад ус зайлуулах шугам хоолойг хийж өгдөггүй.
Өөрөөр хэлбэл, хатуу хучилттай нийт замын 70 орчим хувь нь борооны ус зайлуулах шугамгүй байгаа нь хотыг усанд автах эрсдэлийг бий болгож байгаа юм.
Тиймээс үерээс хамгаалах ажлыг шат дараатай хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн нийт есөн төсөл, арга хэмжээ, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын нэгдсэн системийг бүрдүүлж, үерийн аюултай бүсүүдэд далан, суваг, ус зайлуулах байгууламжийг үе шаттайгаар нэмэгдүүлэн хөгжүүлэх шаардлагатай аж. Мөн шинээр 400 км-ээс дээш урттай үерийн хамгаалалтын барилга байгууламжийг барих хэрэгтэй гэж Нэгдсэн төслийн удирдлагын газрын Усны менежмент, үерийн эрсдэлийг бууруулах төслийн захирал Ш.Баранчулуун мэдээлэв. Тэрбээр, Нийслэл 2026-2033 онд Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг хэрэгжүүлнэ.
Төслийн хүрээнд 366.2 км урт үерийн хамгаалалтын суваг, 23 км урт үерийн хамгаалалтын даланг шинээр барина.
Эдгээр үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг төвийн зургаан дүүргийн 25, дагуул хотын 11, зуслангийн бүсийн зургаан байршилд барих юм. Төслийн нэгдүгээр багцын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын гүйцэтгэгчийн тендерийг 2025 оны зургадугаар сард зарлаж, “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ шалгаран гүйцэтгэж байна. Мөн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Би Жи Эм” ХХК 2025 оны наймдугаар сараас боловсруулж эхэлсэн. Гүйцэтгэл 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Мөн 2027-2032 онд Туул усан цогцолбор төслийг хэрэгжүүлнэ. Төслийн суурь судалгааны ажлыг БНЭУ-ын “Kalpataru Projects International” ХХК боловсруулж байгаа бөгөөд 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна" гэлээ.
Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 байршилд 15.2 км урт авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсрахаар төлөвлөсөн байна. Мөн гурван байршилд 3.9 км шугам сүлжээний угсралтын ажил он дамжин хэрэгжүүлэх аж.
Улаанбаатар хотын ус тогтдог, нэн шаардлагатай засварлах ажлын хүрээнд Наадамчдын замын борооны ус зайлуулах 1.2 км шугамыг өргөтгөн шинэчилнэ.
Хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ажлын хүрээнд хоёр байршилд буюу Сэлбэ дэд төв, Шархад дэд төвийн 7.2 км шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэнэ.
СБД 13, 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах 21.7 га мандлын талбайг хамарсан 1.3 сая шоо метр ус хуримтлуулах багтаамжтай таван шатлалт усан сангийн ажлын барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ гэдгийг албаныхан мэдээлэв.
Нийтэлсэн огноо2026-05-12





