“Хао Ган” компани Монгол руу 6.5 сая тонн жимс, хүнсний ногоо экспортолжээ www.news.mn
БНХАУ-ын Эрээн хотод үйл ажиллагаа явуулдаг “Хао Ган” импорт, экспортын компани нь Монгол Улс руу жимс, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлттйн 80-90 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг байна. Тус компани 2025 онд 170 мянган тонн жимс экспортолсон бол өнөөдрийг хүртэл нийт 6.5 сая тонн жимс, хүнсний ногоог Монголын зах зээлд нийлүүлээд байгаа аж.
Хятадын бүх мужаас татан төвлөрүүлсэн бүтээгдэхүүнээ Эрээнээр дамжуулан Монгол руу экспортолдог байна. Монголчуудын өргөн хэрэглээ болсон төмс, сонгино, байцай, шар лууван зэрэг хүнсний ногооноос гадна банана, жүрж, алим зэрэг жимсний нийлүүлэлт өндөр байдаг талаар компанийн төлөөлөл онцоллоо.
Мөн төмсний хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон хүнсний үйлдвэрийн түүхий эдийг нийлүүлдэг бөгөөд бүтээгдэхүүнүүд нь өндөр технологийн үйлдвэрлэл, хадгалалтын дамжлагаар ордог байна.
Жимс, хүнсний ногоог боловсруулсны дараа зургаан сараас хоёр жилийн хугацаанд хадгалах боломжтой агуулахын систем ашигладаг аж. Монголын зах зээлд нарийн сонгино, гүзээлзгэний компот, шар тоор зэрэг бүтээгдэхүүний эрэлт өндөр байдаг байна. Үүнээс гадна ОХУ-аас “Архыз”, “Baikal” зэрэг усны импорт, экспортыг мөн хариуцан ажилладаг байна. Харин Монголоос үхэр, хонины мах экспортолдог бөгөөд 2025 онд 2000 тонн мах экспортолжээ.
Жимс, хүнсний тээвэрлэлтийн ажлыг Монголын тээврийн компаниуд хариуцдаг бөгөөд өдөрт 30-аас дээш ачааны автомашин хилээр нэвтэрдэг байна. Нэг автомашин дунджаар 25 тонн ачаа тээвэрлэдэг.
Тээврийн хугацааны тухайд, өглөөний 11:00 цагт хилээр гарсан ачаа 24 цаг орчмын дараа хүрэх цэгтээ очиж буудаг байна. 2025 онд нийт 7000 орчим ачааны автомашинаар хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тээвэрлэсэн бол 2026 онд 18 мянган автомашин гаргахаар төлөвлөжээ.
Жимс, ногооны тээвэрлэлтийн талаар жолооч Т.Гүнжаргалаас тодрууллаа. Тэрбээр “Монголд жимс, хүнсний ногоо импортолдог 60 гаруй компани байдаг. Тэдгээр компанийн ачааг энэ агуулахаас тээвэрлэдэг. Одоогоор жимс, ногоо тээвэрлэх зориулалтын 200 гаруй автомашин үйлчилгээнд явж байна. Эрээнээс гараад Улаанбаатар хүртэл дунджаар 10 цаг явдаг. Энд Хятадын талын гаалийн шалгалтад орж, Монголын хил дээр мөн шалгуулсны дараа шууд Улаанбаатар хот руу ачаагаа хүргэдэг. Эрээн хотын энэ жимс, ногооны агуулах нь цэвэрхэн, стандарт шаардлага хангасан байдаг учраас бүтээгдэхүүний чанар маш сайн хадгалагддаг. Нэг автомашинд бүдүүн ногоо 20-25 тонн, нарийн ногоо 19-22 тонн ачдаг. Зарим тохиолдолд жолооч нар долоо хоногт хоёр удаа тээвэрт явах үе ч бий” гэв.
Нийтэлсэн огноо2026-05-12





