Гаалийн албан тушаалтнуудын авлигын хэргүүдийг шалгаж, заримд нь ял оноожээ www.news.mn
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон тээвэрлэгч нарт холбогдох 15 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлснээс 11 хэргийг шүүхээр хянан шийдвэрлэжээ.
Тодруулбал, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын Гаалийн газар болон Замын-Үүд дэх Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхэд гаалийн хяналт шалгалт хийхдээ бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг 2026 оны тавдугаар сард илрүүлэн шалгажээ.
Уг үйлдэлд холбогдуулан нийт 20 эрүүгийн хэрэгт гаалийн улсын байцаагч 40, итгэмжлэгдсэн төлөөлөгч 30, нийт 70 хүнийг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэргүүдээс дурдвал, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гаалийн улсын гурван байцаагчид тус бүр нэг жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь хасжээ.
Мөн Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зургаан хүнд тус бүр 2.7 сая төгрөгөөр торгох ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь хассан байна. Харин уг зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн өөр нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчид 4 сая төгрөгөөр торгох ял оноожээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдсэн гаалийн улсын нэг байцаагч болон нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчид тус бүр нэг жил нэг хоногийн хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил зургаан сарын хугацаагаар хассан байна.
Одоогоор нэг эрүүгийн хэрэг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд, гурван эрүүгийн хэрэг Нийслэлийн прокурорын газарт шүүхэд шилжүүлэхээр хянагдаж байгаа бол таван эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Нийтэлсэн огноо2026-08-12





