"Шатахууны нөөцгүй болсон улс, орнууд зайнаас ажиллах бодлого хэрэгжүүлж эхэлсэн" www.gogo.mn
Ерөнхий сайдын захирамжаар Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб байгуулсан. Тус штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа “Эрчим хүчний түүхий эд, тэр дундаа газрын тос, түлш шатахууны зах зээлд олон улс, дэлхий дахиныг хамарсан хямрал нүүрлэсэн жил болж байна. Дэлхийн зарим улсад өрнөж буй зэвсэгт мөргөлдөөнд газрын тос экспортлогч орнууд татагдан орсон. Улмаар олон улсын ачаа тээврийн хөдөлгөөнд доголдол үүсээд буй. Энэ мэт хүчин зүйлсээс хамааралтайгаар түлш, шатахууны хүндрэлтэй нөхцөл үүссэн.
Тоо танилцуулахад, 2026 оны эхний үед дэлхий даяар олборлож, тээвэрлэж байгаа газрын тосны хэмжээ үлэмж хувиар буурсан гэдэг статистик байна. Тухайлбал, оны эхний хагаст буюу 1-6 сард дэлхий даяар өдөрт боловсруулж байгаа газрын тосны хэмжээ 7 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгаа.
Дэлхийн 10 гаруй улсад зайнаас ажиллахыг дэмжих бодлогыг хэрэгжүүлж байна.
Зөвхөн Монгол Улсад шатахууны нөөц багассан нөхцөл үүсээгүй. Дэлхийн зарим улс оронд түлш шатахууны үнэ хоёр дахин өссөн, дэлхийн дунджаар 47-48 хувиар өссөн гэдэг тоон статистикийг харж болохоор байгаа. Ийм нөхцөлд улс орнууд харилцан адилгүй арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Тухайлбал, дэлхийн 10 гаруй улсад зайнаас ажиллахыг дэмжих бодлогыг хэрэгжүүлж байна. Мөн автомашины хэрэглээг хязгаарлаж, сургууль олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг цахимд шилжүүлжээ.
Олон улсын эрчим хүчний агентлагаас багц зөвлөмж гаргасан. Үүнд, хамгийн түрүүнд алсын зайнаас ажиллахыг дэмжих, хурдны замын дээд хязгаарыг бууруулах, хот суурин газарт улсын дугаарын зохицуулалт буюу Монголын тэгш, сондгойгоор хязгаарлахтай адил арга хэмжээ авах зөвлөмж байна. Энэ дагуу улс, орнууд арга хэмжээ авч эхэлжээ.
Газрын тос экспортлогч, олборлогч орнууд өөрсдийн урт хугацааны нөөцийг бүрдүүлэхэд онцгой анхаарч байгаа. Энэ нь газрын тос импортлогч буюу хэрэглэгч орнуудад тодорхой сорилтуудыг бий болгосон” гэв.
Нийтэлсэн огноо2026-08-12





