АМГТГ: АИ-92 шатахуун 28869 тонныг оруулж ирлээ www.news.mn
Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр наймдугаар сарын 1-17-ний өдрүүдэд Сүхбаатар боомтоор 28869 тонн АИ-92 автобензин орж иржээ. Тодруулбал, наймдугаар сарын 16-нд 3120 тонн АИ-92 автобензинийг шуурхай тээвэрлэн Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөдөд хүргэж, ШТС-иуд руу түгээлт гарсан. Наймдугаар сарын 17-нд 1560 тонн АИ-92 автобензин буух өртөөд болох Толгойт, Дархан өртөөдийг чиглэн явж байна. Улаанбаатар хотын 103 ШТС руу 1475 тонн, орон нутгийн 6 ШТС-руу 75 тонн АИ-92 автобензиний ачилт хийгджээ.
Сануулахад, шатахууныг 50 мянган төгрөгт олгож байгаа, энэхүү зохицуулалтыг наймдугаар сарын 15-ныг хүртэл хэрэгжүүлэн цуцлахаа албаныхан өмнө нь мэдээлсэн ч одоог хүртэл хязгаарлалттайгаар олгож буй. Мөн амралтын өдрүүдэд шатахуун түгээлтийг сайжруулснаар оочер дугаарлалт хэвийн болох болов уу гэх хүлээлт байсан ч шинэ долоо хоног эхлэхэд байдал сайжирсангүй. Нийслэлчүүд автомашиндаа шатахуун авахын тулд шөнөжин дугаарлаж, нойргүй өдрүүдийг ардаа хийж байна.
Г.ХОРОЛ
Нийтэлсэн огноо2026-08-17





