Байдрагийн УЦС-ын төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулна www.montsame.mn
ЭЗХЯ, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ-аас “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль”-ийн хүрээнд “Байдрагийн 30 МВт-ын усан цахилгаан станцын төсөл”-ийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалт зарлаад байна.
Баянхонгор аймгийн Бууцагаан, Бөмбөгөр сумын нутаг дахь Сүүдэртийн хясаанд барихаар төлөвлөсөн Байдрагийн УЦС нь 30 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай. Ашиглалтад орсноор жилд 59.8 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоо бий. Түүнчлэн цахилгаан дамжуулах шугамын эрчим хүчний алдагдлыг жилд 17 сая кВт.цаг хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байна. Төслийн төсөвт өртөг 53.3 сая ам.доллар, барилга угсралтын ажил 53 сарын хугацаанд үргэлжилнэ. Төслийг зураг төсөл боловсруулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөснийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвөөс мэдээллээ.
Сонгон шалгаруулалтад Монгол Улсын болон гадаадын хуулийн этгээд, тэдгээрийн нэгдэл оролцох боломжтой. Оролцогч нь төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадавхтайгаас гадна техник, технологийн шаардлагыг хангаж, сүүлийн 7 жилд ижил төстэй нэгээс доошгүй төсөл хэрэгжүүлсэн туршлагатай байна. Хувийн хэвшлийн түншлэгч нь төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэр, бүтцийг тодорхойлж, санхүүжилтийн төлөвлөгөө, санхүүгийн загварыг сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагын дагуу боловсруулах юм. Сонгон шалгаруулалтыг нэг үе шаттай зохион байгуулах бөгөөд төслийн саналыг энэ сарын 12-ны 15:00 цагаас өмнө хүлээн авч байна.
ЭХЯ санаачилсан тус төслийг Засгийн газрын өнгөрсөн тавдугаар сарын хуралдаанаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Түүнчлэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвөөс 2026 онд танилцуулсан төслийн багцад эрчим хүч, авто зам, төмөр зам, нисэх буудал, тээвэр ложистик болон бусад дэд бүтцийн чиглэлийн 15 төсөл багтжээ. Эдгээр төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэх бөгөөд төсөл тус бүрийн бэлтгэл, судалгаа, үнэлгээний үе шат харилцан адилгүй юм.
Нийтэлсэн огноо2026-11-05





