Д.Батлутыг энэ 7 хоногт албан ёсоор чөлөөлж, дараагийн сайдыг томилно www.itoim.mn
Н.Учрал Ерөнхий сайд танхимдаа сэлгээ хийхээр болж, өнгөрсөн баасан гарагт Батлан хамгаалахын сайд Д.Батлут чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Энэ 7 хоногт албан ёсоор түүнийг чөлөөлж, дараагийн сайдыг томилно.
Тэгвэл Н.Учралын танхим ганц Д.Батлут сайд бус хэд хэдэн сайдаа өөрчлөх, сэлгэн томилохоор ярьж байгаа бөгөөд албан ёсоор тохиролцоонд хүрч чадахгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Хуульд Ерөнхий сайд танхимынхаа сайд нарыг томилж, чөлөөлөх эрхтэй гэж заасан ч улс төрийн тохироон дээр л сайдын томилгоо явдаг. Тиймээс Ерөнхий сайд танхимдаа сэлгээ хийх тохироогоо хийж байгаа бололтой.
Эдийн Засаг хөгжлийн сайд Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайдад сэлгэн томилох асуудал хөндөгдсөн ч Ж.Энхбаяр сайд татгалзаж байгаа гэнэ. Үүнийгээ ч тэрээр хэвлэлд ярилцлага өгөх бүрдээ илэрхийлж "огт ийм асуудал яригдаагүй" гэсэн. Гэтэл нөгөө талд Ж.Энхбаяр сайдыг сэлгэн томилж, түүний оронд Эдийн засаг хөгжлийн сайдаар томилох хүнийг ч МАН дотроо хайж байсан. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд ч эрх баригчид эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Ж.Энхбаяр сайдыг сэлгэн томилох гол шалтгаан нь нүүрсний экспорт гацаанд орж, төсвийн орлого тасарч, эдийн засаг хүндрээд байгаа учраас мэргэжлийн хүнээр Эдийн засаг хөгжлийн яамыг удирдуулах. Наймдугаар сараас Гашуунсухайт боомтод засвар хийж байгаа нэрийн дор нүүрсний экспортыг 40 хувь болгон бууруулсан. Мөн өнгөрсөн сарын 15-аас Оюу толгойн зэсийн баяжмалын экспортыг 70 хувиар бууруулсан. Энэ нь цаад талдаа улс төрийн үл ойлголцол байсан гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал ч хэлсэн юм. Гэхдээ Ж.Энхбаяр сайд Эдийн засаг хөгжлийн сайдын суудлаа өгөхгүй бол тохироонд хүрч чадахгүй. Тэгвэл Засгийн газрын сэлгээ, томилгоо хойшилно.
Пүрэвдагва БУЛГАН
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-11-16





