Төсвийн алдагдал жилийн төлөвлөгөөнөөс 44 хувиар давж, 1.4 их наядад хүрлээ www.itoim.mn
Жилийн турш нэг их наяд төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөсөн төсөв оны эхний 10 сард 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа. Оны дунд үе буюу долдугаар сарын үзүүлэлттэй харьцуулахад алдагдал буурсан ч батлагдсан хязгаараас давсан хэвээр байна.
УИХ 2026 оны улсын нэгдсэн төсвийг нэг их наяд төгрөгийн алдагдалтай байхаар баталсан. Оны эхний хагаст алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрч, 2020 оны цар тахлын үеийн түүхэн дээд түвшинтэй дүйцэж байсан. Сүүлийн дөрвөн сард алдагдал 1.4 их наяд төгрөг хүртэл буурсан ч төлөвлөгөөнөөс 445 тэрбум төгрөгөөр илүү байна.
Үндэсний статистикийн хорооны урьдчилсан мэдээгээр, оны эхний 10 сард улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламж 29.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 18.7 хувиар өссөн байна. Тэнцвэржүүлсэн орлого, тусламж 2.7 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 26 их наяд төгрөг болжээ. Татварын орлого 23.9 их наяд төгрөгт хүрч, 11.7 хувиар өссөн. Үүнд нэмэгдсэн өртгийн албан татвар 835.5 тэрбум, нийгмийн даатгалын орлого 767.5 тэрбум, орлогын албан татвар 728.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Харин онцгой албан татварын орлого 46.8 тэрбум төгрөгөөр буурсан хэвээр байна.
Зарлагын өсөлт оны хоёрдугаар хагаст мэдэгдэхүйц саарчээ. Эхний хагаст 20 хувиар өсөж байсан төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 10 сарын байдлаар 10.2 хувийн өсөлттэй, 27.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Ялангуяа эхний хагаст 58.2 хувиар өсөж байсан хөрөнгийн зардлын өсөлт 9.9 хувь болж буурсан нь алдагдлыг багасгахад нөлөөлжээ. Харин бараа, үйлчилгээний зардал 949.8 тэрбум (11.8%), урсгал шилжүүлэг 937 тэрбум төгрөгөөр (9.6%) өссөн хэвээр байна. Төрийн албан хаагчдын цалин, түлш, эрчим хүч, худалдан авалт зэргийг багтаадаг бараа, үйлчилгээний зардал нийт зардлын гуравны нэгийг эзэлж байна.
Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-11-16





