УИХ төмөр замыг холбох, нүүрс худалдах, Тавантолгойн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурахыг зөвшөөрөв www.eagle.mn
Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг нь Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр. Уг хэлэлцээрийн төслийг өчигдөр УИХ-ын Эдийн засаг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод хэлэлцэн дэмжлээ. Засгийн газар уг төслөө УИХ-тай зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн. Дээрх хоёр Байнгын хороо дэмжсэн хуралдааны тэмдэглэл болон санал дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлэхээр болов. Өөрөөр хэлбэл, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй юм байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан уг хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, УИХ-д өргөн барихаар болсныг танилцуулахдаа "Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээрт эцсийн байдлаар гарын үсэг зурахаар шийдвэрлэж, УИХ-д хүргүүлэхээр боллоо. Энэхүү төслөө хуулийн дагуу УИХ-ын Байнгын хороодоор хэлэлцүүлж парламентаас гарын үсэг зурах зөвшөөрөл авна. Гарын үсэг зурах зөвшөөрлийг олгосны дараа хоёр улс хэлэлцээрт гарын үсэг зурна. Гарын үсэг зурсан хэлэлцээрийг УИХ эцэслэж соёрхон батална" гэж байсан юм.
Тэрээр өчигдөр Байнгын хорооны хуралдаанд оролцохдоо "Гашуунсухайт-Ганц мод хил дамнасан төмөр замын хэлэлцээр байгуулснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлнэ. Түүнчлэн эдийн засгийн өсөлт жил бүр 0.8 нэгж хувиар нэмэгдэх, ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000 ам.долларт хүргэх, эдийн засгийн өсөлтийг зургаан хувиас дээш түвшинд хадгалах, инфляцыг таван хувьд барих зэрэг эдийн засгийн болон стратегийн томоохон ач холбогдолтой" гэв.
Нийтэлсэн огноо2025-01-28