Хөдөлмөрийн зах зээлд энэ онд 83.7 мянган ажиллах хүчний эрэлт үүсэхээр байна www.montsame.mn
Дотоодын хөдөлмөрийн зах зээлд энэ онд 83.7 мянган ажиллах хүчний эрэлт үүсэхээр байна.
Хөдөлмөрийн зах зээлд улирал ихээр нөлөөлдөг. Ажиллах хүчний нэг жилийн эрэлтийн гурван ажлын байр тутмын хоёр нь оны эхний хагас жилд бий болох хандлага бий. Энэ жилийн судалгаагаар ч ийм үр дүн гарсан бөгөөд нийт эрэлтийн 79.2 хувь эхний хагас жилд хамаарч байгаа аж. Улсын хэмжээнд сүүлийн 10 жилд ажиллах хүчний эрэлт 52 мянгаас 95 мянгын хооронд хэлбэлзэж, дунджаар 76.2 мянга байсан бол 2025 онд энэ үзүүлэлт 83.7 мянга болжээ.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судалгааны сектор өнгөрсөн онд хийсэн хөдөлмөрийн зах зээлийн судалгаа шинжилгээний тайланг танилцуулахдаа мэдээлсэн юм.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаа нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны ажиллах хүчний эрэлтийг тодорхойлон, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад мэдээлэл өгөх, судлаач, мэдээллийн хэрэглэгчдийг ажиллах хүчний эрэлтийн дунд хугацааны болон хэтийн тооцоололд ашиглагдахуйц мэдээлэл бүрдүүлдэг ач холбогдолтойг ГБХНХЯ мэдээллээ.
Нийтэлсэн огноо2025-01-29