Төлбөрт зогсоолуудыг нийслэл хариуцаж, менежментийг хувийн компани хийнэ www.news.mn
Улаанбаатарт төлбөрт авто зогсоолын үйл ажиллагаа эрхэлж буй бүх аж ахуй нэгж, хувь хүний зогсоолын талбайг нийслэл эзэмшихээр болсон талаар мэдээлэл гарсан. Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
Нийслэлийн Засаг Даргын тамгын газраас энэ талаар асуухад, төлбөрт авто зогсоолын менежменттэй холбоотой ажлыг нийслэлийн өмчит Улаанбаатар хотын хөгжлийн корпораци хувьцаат компани хариуцаж байгаа гэв.
Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-иас тодруулахад, нийслэлийн бүх төлбөрт авто зогсоол гэдэг худал мэдээлэл. Зөвхөн нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах ажлыг хийхээр болсон. Энэ хүрээнд "Моннис" групптэй санал солилцсон. Түүнээс тус компанид төлбөрт авто зогсоолуудыг бүрэн эзэмшүүлэх гэж байгаа зүйл байхгүй. Манай компани төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийг хэрэгжүүлэхээр болсон.
50 зогсоолын байршлыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өгсөн. Тэдгээр төлбөрт авто зогсоолуудын эргэлт, хүртээмжийг нэмэгдүүлж, төлбөрийн уян хатан, ухаалаг шийдэл бий болгох замаар авто зогсоолын менежмент хийх хүрээнд л "Моннис"-той санал солилцсон гэлээ.
50 БАЙРШИЛ ДАХЬ ТӨЛБӨРТ ЗОГСООЛД МЕНЕЖМЕНТ ХИЙХ ТЕНДЕРИЙГ 2023 ОНД ЗАРЛАСАН БАЙНА
2023 оны тавдугаар сарын 24-ний өдөр нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийн тендерийн сонгон шалгаруулалт зарлаж байжээ. Тендерийн урилгад Монгол Улсын болон гадаадын хуулийн этгээд түншлэлийг сонгон шалгаруулалтад оролцох боломжтойг тухайн үед онцолсон байна. Төсөл хэрэгжүүлэх эрх олгогдсон хуулийн этгээд түншлэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр төслийг санхүүжүүлж, Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн 50 байршил дахь авто зогсоолын шинэчлэл, засвар арчлалтыг гүйцэтгэж, гэрээний хугацаанд менежментийг хийнэ гэж. Тэгвэл тус тендерт "Моннис" групп шалгарсан аж.
Нийтэлсэн огноо2025-01-29