Монгол Улс 2024 онд $70 саяар самнасан ноолуур экспортолсон нь өмнөх оноос 27 хувиар буурав www.bloombergtv.mn
ХХААХҮЯ: “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуур ээрэх сүлжих үйлдвэрүүдэд 198 тэрбум төгрөгийн зээл олгоно
Монгол Улс 2024 онд 707.2 тонн самнасан ноолуурыг 69.8 сая ам.доллароор экспортолсон нь 2023 оноос биет хэмжээ болон үнийн дүнгийн хувьд 20 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй болж буйг Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харж болохоор байна.
Харин 2024 оны эхний хагас жилд 4.8 мянган тонн угаасан ноолуурыг 256.7 сая ам.доллароор экспортолсон нь 2023 онтой бараг ижил хэмжээнд байна.
Засгийн газар 2024 оны долоодугаар сараас угаасан ноолуур экспортод гаргахыг хориглосноор зөвхөн самнасан ноолуур экспортолж эхлээд байгаа юм.
Улсын хэмжээнд 11.9 мянган тонн самнасан ноолуур бэлтгэх суурилагдсан хүчин чадалтай 50 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлдвэрүүд түүхий эдээ дотооддоо самнах түвшинд боловсруулах бүрэн хүчин чадалтай гэдгийг ХХААХҮЯ тодотголоо.
Цаашид дараагийн шатны боловсруулалт буюу ээрэх, сүлжих, нэхэх үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай. 2024 оны байдлаар ээрэх түвшний боловсруулалт хийдэг 16 үйлдвэр байгааг салбарын яам мэдээлсэн юм.
Төрөөс хэрэгжүүлж буй “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд нийт 198 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа аж. Үүний үр дүнд 2028 он гэхэд ноолуурын анхан шатны боловсруулалтыг дотооддоо 100 хувь, гүн боловсруулалтыг 40 хувьд хүргэхийг зорьж байна. Ингэснээр ноолуурын экспортын орлого 700 орчим сая ам.доллар хүрэх тооцоо байгааг салбарын яам танилцууллаа.
Нийтэлсэн огноо2025-01-28