ABM: IV улиралд "Ямбат" төслөөс зэс, никелийн өндөр агууламжтай 3 том бүс илрүүлсэн www.bloombergtv.mn
2025 онд “Ямбат” төслийн хөгжүүлэлтийн III үе шат эхэлнэ
Монгол Улсад чухал ашигт малтмалын хайгуул хийж буй “Asian Battery Metals” компани 2024 оны IV улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Говь-Алтай аймаг дахь "Ямбат" төслийн талбайгаасаа тайлант улиралд зэс, никелийн өндөр агуулга бүхий гурван том эрдэсжилт илрүүлснээ онцолсон байна. Тухайлбал: “OVD025” цооногоос зэсийн 3.82, никелийн 3.82 хувийн агууламж бүхий 3.6 метрийн зузаантай сульфидын бүс огтолсон. Харин “OVD026” цооногоос зэсийн 3.21, никелийн 3.32 хувийн агууламжтай 1.8 метрийн бүс, “OVD027” цооногоос зэсийн 4.16 хувь, никелийн 3.51 хувийн агууламжтай 6.1 метрийн сульфидын бүс тус тус илрүүлжээ.
Тус компани 100 хувь эзэмшдэг энэхүү төслийнхөө хүрээнд нийт 19 цооног өрөмдөж, 250 метрийн гүнтэй алмаазан өрөмдлөг хийгээд байгаа аж.
2025 онд “Ямбат” төслийн хөгжүүлэлтийн III үе шат эхэлж, металлын хэмжээ, агуулгын потенциалыг үнэлэх, илүү гүний бүсэд эрдэсжилт байгаа эсэхийг тодорхойлох, мөн анхан шатны хөвүүлэн баяжуулах туршилт хийхэд төвлөрөх юм байна.
“Asian Battery Metals” компани тайлант улиралд 339 мянган австрали доллар, жилийн турш хоёр сая гаруй австрали долларын мөнгөн хөрөнгө зарцуулжээ. Оны эцсийн дүнгээр тус компанийн нийт бэлэн мөнгөний нөөц 3.47 сая ам.доллароор хэмжигдсэн байна.
Нийтэлсэн огноо2025-01-30