Монголбанк: ГВАН I сард $4.8 тэрбум болж, өмнөх сараас 11.2 хувиар буурав www.bloombergtv.mn
Гадаад валютын нөөц 2024 оны 12 дугаар сарын эцэст 5.5 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд хэмжээнд хүрээд байв
Гадаад валютын албан нөөц нэгдүгээр сард 4.8 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 11.2 хувиар буурсныг Монголбанк мэдээллээ. Валютын нөөц өнгөрсөн оны 12 дугаар сарын эцэст 5.5 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд хэмжээнд хүрээд байсан юм. Хэдийгээр өмнөх сараас буурсан дүнтэй байгаа ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг ижил түвшинд байна.
Өнгөрсөн онд Монгол Улсын зээлжих зэрэглэл ахиж, банкнууд гадаад зах зээлээс бонд босгосон зэрэг нь валютын нөөц нэмэгдэхэд нөлөөлснийг Монголбанк тодотгожээ.
Нөгөө талаар 2024 оны 12 дугаар сар, энэ оны нэгдүгээр сард монголчуудын Вьетнам, Тайландыг зорьсон аялал идэвхжиж, зах зээлд бэлэн ам.долларын эрэлт нэмэгдсэнийг онцолж байсан юм.
Үүнээс гадна нэгдүгээр сард Төв банк нийт 880 сая ам.долларыг банкнуудад ялгаатай ханшаар нийлүүлсэн байна.
Монгол Улсын экспортын орлого 2024 онд 15.7 тэрбум ам.доллар хүрч өссөн ч нөгөө талд импорт мөн нэмэгдэж, тэр дундаа автомашин, аялал зэрэг хэрэглээ, үйлчилгээний импортын өсөлт өндөр байгааг Монголбанк онцоллоо.
Нийтэлсэн огноо2025-02-05