ЗГ: Цагаан сарын баяраар шинийн 6-ныг дуустал амарна www.news.mn
Засгийн газрын өнөөдрийн /2025.02.26/ ээлжит хуралдаанаар уламжлалт цагаан сарын баярын амралтын талаар хэлэлцэж, шинийн 6-ныг дуустал бүх нийтээр амрахаар шийдвэрлэв. Учир нь энэ жил шинийн 1 тасарч байгаа учир шинийн 2-6 хүртэл бүх нийтийн амралтыг тав хоног байхаар тусгасан байна. Мөн 2025 ондоо багтаад аль ч үед амралтын өдрийг нөхөж болохыг төрийн бүх шатны байгууллагуудад үүрэг болгожээ.
Тодруулбал, Засгийн газрын тогтоол батлагдсанаар ирэх Бямба, Ням, Даваа, Мягмар, Лхагва гаригуудад бүх нийтээр амарч, Пүрэв гаригаас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн үргэлжлэх болж байна.
Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амрахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-оор зохицуулсан.
Энэ жил Монгол одон зурхайн цаг тооллоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тасарч, шинийн 2, 3-ний өдөр амралтын Бямба, Ням гаригт буюу 2025 оны гуравдугаар сарын 1, 2-нд тохиогоод байна.
Нийтэлсэн огноо2025-02-26