72 ХК хуульд заасан хугацаанд ногдол ашиг олгох шийдвэрээ хүргүүлээгүй байна www.bloombergtv.mn
Харин 58 ХК ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсэн
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 172 хувьцаат компанийн 72 нь хуульд заасан хугацаанд ногдол ашигтай холбоотой шийдвэрээ Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлээгүй зөрчилтэй байна.
Харин санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашгийн шийдвэрээ танилцуулсан 100 компани байгаа. Үүний 58 хувьцаат компани ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэснийг СЗХ мэдээллээ.
Үүнээс гадна Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-тай гэрээ байгуулахгүйгээр компанийнхаа байранд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаар шийдвэр гаргасан зөрчлүүд илэрсэн. Иймд хэрэгжилтийг хангуулж, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч байгаа аж.
2025 онд 42 хувьцаат компани 1 их наяд төгрөгийг ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Үүнээс сүүлийн гурван жилд олон нийтэд нээлттэй болсон нийт 12 компанийн 10 нь 500.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор болсон нь 48 хувийг бүрдүүлж байгаа юм. Үүний дотор дөрвөн банк нийт 407.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор тогтсон нь нийт ногдол ашгийн 39.1 хувийг бүрдүүлжээ.
Нийтэлсэн огноо2025-02-27