Европт цагийг урагшлуулжээ www.montsame.mn
Европын ихэнх орон ням гаргийн өглөө зуны цагийн хуваарьт шилжиж, цагийг нэг цагаар урагшлуулжээ. Байнга маргаан дагуулж байдаг энэ шийдвэрийн дагуу жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн ням гарагт цагийг нэг цагаар урагшлуулж, 10 дугаар сарын сүүлчийн ням гарагт нэг цагаар ухраадаг.
Эрчим хүчийг хэмнэх бодлогын хүрээнд өнгөрсөн зуунд анх цагийг урагшлуулж, ухрааж байсан бол өнөө үед цагийг өөрчлөх нь ач холбогдолтой гэдэгт олон хүн эргэлзэх болсон бөгөөд Европын Холбоо /ЕХ/ 2018 оноос уг системийг халахаар ажиллаж байгаа юм.
Зуны улиралд Төв Европ нь Төв Европын цагаас (CET) Төв Европын зуны цагийн (CEST) хуваарьт шилждэг.
Германд Дэлхийн I дайны үеэр оройдоо нэг цагаар илүү гэрэлтэй байхын тулд энэ практикийг нэвтрүүлж, улмаар Европ даяар тархжээ. Хожим Дэлхийн II дайны үеэр, мөн 1970-аад оны газрын тосны хямралын үеэр эрчим хүч хэмнэх зорилгоор дахин нэвтрүүлж байв. Тэр цагаас хойш Европт жилд хоёр удаа цагийг өөрчилж байна.
Энэхүү шийдвэр нь олон нийтийг талцуулсаар ирсэн бөгөөд дэмжигчдийн хувьд “нэмэлт цаг” хожиж байгаадаа олзуурхаж байхад харин эсэргүүцэгчдийн зүгээс унтаж амрах цагийн хуваарийг нь тасалдуулж буйг шүүмжилж байна. Энэ нь эдийн засаг төдийгүй иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэсэн судалгаа байдаг ажээ.
2018 онд ЕХ гишүүн 28 улсын иргэдийн дунд /Их Британи улс албан ёсоор бүрэлдэхүүнээс нь гарахаас өмнө/ нээлттэй хэлэлцүүлэг хийж байлаа. Энэ үеэр нийт 4 сая орчим хүн зуны цагийн хуваарьт шилжих шийдвэрийг цуцлахыг дэмжсэнээр ЕХ уг саналыг цааш уламжилж байжээ. Гэвч ЕХ-ны зарим орон энэ саналыг эсэргүүцсэн байна.
Америкийн “Пью” судалгааны төвийн мэдээллээр, Азербайжан, Иран, Орос, Сири, Турк, Уругвай зэрэг хэд хэдэн улс зуны цагийн хуваарийг халах шийдвэрийг сүүлийн 10 жилийн хугацаанд гаргасан байна. Одоогоор дэлхийн улс орнуудын гуравны нэг нь энэ жишгийг мөрдөж байгаагийн ихэнх нь Европын улсууд юм. Египет улс 2014 онд энэ практикийг халж байсан бол эрчим хүч хэмнэх үүднээс 2023 онд дахин нэвтрүүлжээ.
Нийтэлсэн огноо2025-03-31