ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгох зээлийн материал авч эхэллээ www.montsame.mn
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас энэ онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийн материалыг авч эхэллээ.
Засгийн газрын тогтоолоор баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээс зээлийн хүсэлтийг өнөөдрөөс эхлэн сарын хугацаанд хүлээн авна.
Хөнгөлөлттэй зээл нь жилийн 5 хувийн хүүтэй, 5 хүртэл жилийн хугацаатай бөгөөд нөхцөл нь үндсэн хөрөнгө оруулалтаас 40 хүртэл хувийг эргэлтийн хөрөнгөд зарцуулж болох юм. Тус зээлийг хотоос орон нутагт шилжин үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч, орон нутагт шилжсэн иргэнийг ажилд авсан үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, импортыг орлох шинэ бүтээгдэхүүн, экспортод чиглэсэн кластерын, баяжуулсан болон органик бүтээгдэхүүн, инновац шингээсэн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгоно. Мөн хүнсний түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч, уул уурхайн ханган нийлүүлэлт, зам дагуух тохилог үйлчилгээг нэвтрүүлэх, Цагаан алт хөдөлгөөн, Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян, Шинэ хоршоо хөдөлгөөний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтойг Жижиг дунд үйлдвэрийн газар мэдээлжээ.
Хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу хүлээн авч, бичил ангилалд хамаарах ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдээс ирүүлсэн төслийн материалыг дээрх аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээн авч, нарийвчлан судалж, төсөл сонгон шалгаруулах дэд хороо санхүүжилтийг шийднэ. Төслийн материалыг www.sme.gov.mn цахимаар хүлээн авах аж.
Нийтэлсэн огноо2025-04-14