Монгол Улс импортын ихэнх бараа, бүтээгдэхүүнд 5 хувийн тариф ногдуулж байна www.bloombergtv.mn
УИХ-ын баталсан 27 дугаар тогтоолын дагуу Монгол Улс импортын ихэнх бараа, бүтээгдэхүүнд таван хувийн тариф ногдуулж байна
Монгол Улс 1997 онд Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүн болсноор тус байгууллагын гишүүн улсуудаас гарал үүсэлтэй бараа, бүтээгдэхүүнд нэн тааламжтай нөхцөлөөр гаалийн тариф ногдуулж байна.
Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор мах, махан бүтээгдэхүүн, цемент, сүү, цэвэр зөгийн бал зэрэг хэд хэдэн импортын бараанд 10-20 хувийн ялгаатай тариф ногдуулдаг.
Монгол Улс 2016 онд Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар Монголын тал 5700, Японы тал 9300 нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүний импортын тарифыг хөнгөлсөн юм. Мөн Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орсноор хэлэлцээрийн дагуу БНХАУ, БНЭУ зэрэг таван улсын бараа, бүтээгдэхүүнд тарифын хөнгөлөлт үзүүлж буйг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Түүнчлэн ОХУ, Казахстан, Беларус зэрэг таван улс багтдаг Евразийн Эдийн Засгийн Холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр, БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар бэлтгэж байна.
Үүнээс гадна автомашин, дизель түлш, согтууруулах ундаа, тамхи зэрэг бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулдаг. Мөн 2027 оноос чихэр агуулсан бүх төрлийн ундаанд литр тутамд 500 төгрөгөөр тооцон онцгой албан татвар ногдуулахаар болоод байгаа юм.
2024 онд суудлын автомашины импортын онцгой албан татвараас 582.1 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь өмнөх оноос 81 хувиар хувиар өссөн байна.
Харин экспорт талдаа ихэнх бараа татваргүй байдаг ч ямаа, тэмээний боловсруулаагүй ноос, ямаа болон ишигний боловсруулаагүй арьс, мод, зүсмэл материалд экспортын татвар ногдуулдаг аж.
2024 онд импортын барааны гаалийн албан татвараас 1.7 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь өмнөх оноос 20 орчим хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харж болохоор байна.
Нийтэлсэн огноо2025-04-14