Банк бус санхүүгийн байгууллагаас 2 сая гаруй иргэн зээл авчээ www.news.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүн Санхүүгийн зохицуулах хороонд ажиллажээ. Ингэхдээ санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчин, хэрэгжилт болон зээлийн хүүг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцсан байна.
Манай улсад 573 банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2.3 сая зээлдэгчтэй байна.
Зээлдэгчдийн 75 хувийг цахимаар үйлчилгээ авсан зээлдэгчид эзэлж байна гэсэн судалгааны дүн гарчээ. Энэ нь тус салбарт нэвтэрсэн финтек буюу дэвшилтэт технологийн нөлөөгөөр үйлчилгээний хүртээмж, шуурхай байдал сайжирсныг илтгэн харуулж буй юм. Өнгөрсөн хугацаанд 77 ББСБ арилжааны банкуудаас 622 тэрбум төгрөгийн зээл авсан байгаа нь ББСБ-ын хэрэглээний зээлийн хүү өндөр байгаа гол шалтгааны нэг гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц онцолжээ. Тиймээс энэ оны гуравдугаар сарын 20-нд Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ нь арилжааны банкаас зээл авахыг хориглон, үнэт цаас гаргах болон итгэлцлийн үйлчилгээгээр татан төвлөрүүлэх эх үүсвэрийн өөрийн хөрөнгөнд харьцуулсан харьцааг 30-60 хувь болгон бууруулж, гадаадын улс орнуудаас эх үүсвэр татах боломжийг нэмэгдүүлэх бодлогын шийдвэр гаргасан байна. Мөн ББСБ-аас олгож буй хэрэглээний зээлд тавих өр, орлогын харьцааны шаардлагыг 60:40 болгон чангатгаад байгаа юм.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, хэрэглэгчийнхээ эрхийг хамгаалах, хүний эрхийг дээдлэх, хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх бодлогын хүрээнд банк санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарал хандуулна гэдгээ илэрхийлсэн байна.
иргэд санхүүгийн үйлчилгээг эрх тэгш, хүртээмжтэй, хямд хүртэх боломжийг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг онцолжээ.
Иймд Улсын Их Хурлын даргын захирамж гарган санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг зохион байгуулах, Санхүүгийн зохицуулах хорооноос санал болгож буй хуулийн төслүүдийг 2-3 долоо хоногийн хугацаанд хэлэлцүүлэгт бэлтгэж, өргөн мэдүүлэн, энэ хаврын чуулганы хугацаанд багтаан батлуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж нараар ахлуулахаар болсон байна.
Нийтэлсэн огноо2025-04-20