ОБЕГ-т тоног төхөөрөмж, галын машин дутмаг ч хурлын зааланд 450 сая, автомашинуудад 9 тэрбумыг зарцуулжээ www.eguur.mn
Сүүлийн өдрүүдэд нөгөө л онцгой байдлын албан хаагчдын хангамж, тоног төхөөрөмжөөс шалтгаалж хохирлын хэмжээ нэмэгдсэн харамсалтай ослууд шил дараалан гарав.
Хамгийн сүүлд л гэхэд Богд уулын оройд 2025.04.28-нд Богд уулын орой болон Сэлэнгэ аймагт ой, хээрийн түймэр гарч алба Богд уул руу аврагчид явганаар хоёр цаг өгсөж, Сэлэнгийн түймэр лүү ойролцоох сумын аврагчид автомашинаар олон цаг явсны улмаас гал газар авч сайн дурын иргэдийн оролцоотой аль алийг нь унтраагаад буй.
Богд уулын түймэрт мотоциклтой сайн дурын залуус болон иргэд ус зөөвөрлөх унтраах ажилд оролцсон бол Сэлэнгэ аймгийн Зүүнбаян, Хушаат сумын иргэд улаан гараараа галыг балбаж унтраах байдлаар ажилласан. Аль аль түймэр нь хэрэв алба хаагчид шуурхай хүрсэн бол хурдан унтраах боломжтой түймэр байсан ч түймрийн голомтод хүрэх гэж хугацаа алдсанаас томорсон байдаг.
Харин энэ үеэр ОБЕГ-ын яаралтай үед бүх төрлийн аврах ажиллагаанд ашиглах онгоцнууд нь сайд нарыг Булганд болсон Хойд бүсийн анхдугаар зөвлөлийн хуралдаанд хүргэхээр явсан байсан юм. Мэдээллийг дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
Мөн 2025.04.20-нд Төв аймгийн Жаргалант суманд байшин шатаж бага насны гурван хүүхэд галын улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Осол ингэж томрох болсон гол шалтгаан нь галын яаралтай унтрааж, хүүхдүүдийг аврах ажиллагаа явагдаагүйнх. Үүний учир нь тус сум гал унтраах машингүй байсан.
Ер нь Монгол Улсын сумдад Онгой байдлын гэх нэг пургоноос өөрөөр гал унтраахад ашигладаг машин байхгүй. Түүний барааг ч иргэд нь хараагүй байдаг.
Гэвч Монгол Улсын 21 аймаг, 330 сумын 59 хувьд нь, нийслэлийн 9 дүүргийн 55 хувьд нь гал унтраах автомашины хангалттай. Улсын хэмжээнд гал унтраах анги, нэгжтэй 30 сум бий талаар ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Г.Ариунбуян жилийн өмнөхөн чуулганы танхимд хэлээд сууж байжээ. Харин өнөөдөр энэ тоо нэмэгдсэн эсэх нээлттэй мэдээлэл алга.
Түүнчлэн саяхан Миний сүлжээ дэлгүүрийн гал түймэрт амиа алдсан Д.Жанчив агсны эхнэр Онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэглэлийн талаарх асуудлыг хөндсөн ч ОБЕГ өдөрт өөрсдийгөө өмгөөлсөн хариу мэдээлэл хийж “бид хангалттай хувцас хэрэглэлтэй” хэмээсэн.
Гэвч мөн л уг асуудлаар нэгэн алба хаагч шүгэл үлээж бидэнд мэдээлэл өгч байсан байв. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
Ийн өөрсдийгөө өө халдаалгүй өмгөөлдөг ч бодит байдал нь дээр алба хаагчидаа хайрладаггүй онгоц гэх мэт тоног төхөөрөмжөө албанд биш өөрсдийн эрх ямбанд ашигладаг болсон ОБЕГ-ын сүүлийн гурван жилийн худалдан авах ажиллагааны тендерийн мэдээллийг ухаж үзлээ.
Тэгэхэд, Гурван жилд нэг удаа алба хаагчдын хувцас хэрэглэл авсан. Жил бүл 2-4 тэрбумаар шатахуун худалдан авдаг. Ихэнх зардлаа тохижилт, үйлчилгээнд зориулсан. Сурталчилгааны хуудас хэвлэх зэрэг ажилд хувцас хэрэглэлээс гурав дахин өндөр зардал гаргасан. Өндөр үнээр таван удаа суудлын автомашин худалдан авсан зэрэг тендерүүд байна.
Ингээд тендерийн мэдээллийг он оноор нь хүргэе.
2025 он
Онцгой байдлын Ерөнхий газар энэ онд гурван тендер зарлажээ. Үүний хоёр нь тохижилт засвар байгаа бол үлдсэн нэг нь шатахуун худалдан авах тендер байгаа юм.
Тухайлбал, энэ сарын 24-нд хоёр тендер зарлажээ. Үүнд:
450 сая төгрөгөөр Онцгой байдлын ерөнхий газрын хурлын заал, хүндэтгэлийн танхим, өрөөнүүдийн тохижилт , тоноглол, засварын ажил хийх,
300 сая төгрөгөөр Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн галын цамхаг, тохижилтын ажил хийх,
Мөн энэ сарын 25-нд 3 тэрбум 611 сая 650 мянган төгрөгөөр Төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагад шатахуун худалдан авах тендер зарлажээ.
2024 он
Харин өнгөрсөн онд нийт 16 тендер зарласан байна. Үүний дийлэнх нь барилгын зураг төсөв, тохижилт үйлчилгээнийх байна. Иймд зарим онцлох тендерийг хүргэе.
2024 оны гуравдугаар сарын 15-нд 325 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Онцгой байдлын байгууллагын сурталчилгааны материал хэвлэх,
2024 оны зургаадугаар сарын 13-нд 4 тэрбум 19 сая төгрөгөөр Онцгой байдлын байгууллагад шатахуун худалдан авах,
2024 оны гуравдугаар сарын 27-нд 862 сая төгрөгөөр Онцгой байдлын байгууллагад автомашины дугуй худалдан авах,
2024 оны долдугаар сарын 20-нд 479 сая төгрөгөөр Онцгой байдлын байгууллагад автомашины аккумлятор худалдан авах тендерүүдийг тус тус зарлажээ.
Эдгээр нь бүгд Онцгой байдлын байгууллагын урсгал төсөв бөгөөд зарим барилгын ажил томоохон зардал бүхий ажлуудыг улсын төсвөөр санхүүжүүлдэг байна. Тухайлбал, Онцгой байдлын эрэн хайх, аврах ангийн барилгын ажлын 1 тэрбум 800 сая төгрөгийн тендерийг санхүүжүүлэгч нь улсын төсөв байна.
2023 он
Энэ онд нийт 26 тендер зарласан байна. Эдгээрийг бүгдийг нь улсын төсвийн санхүүжилтээр зарласан байгаа юм. Үүний ихэнх нь улсын нөөцөд гэх тодотголтой юм худалдан авах тендер. Тухайлбал, Энэ онд автомашины худалдан авах тав, монгол гэр худалдан авалтыг хоёр, шатахуун худалдан авах нэг тендер зарлажээ.
Автомашин болон суудлын автомашины худалдан авсан тендерүүд:
2023.09.01-нд 2 тэрбум 194 сая 450 мянган төгрөгөөр Улсын нөөцөд автомашин худалдан авах,
2023.07.04-нд 2 тэрбум 194 сая 450 мянган төгрөгөөр Улсын нөөцөд автомашин худалдан авах,
2023.02.28-нд 778 сая 100 мянган төгрөгөөр Улсын нөөцөд автомашин худалдан авах,
2023.04.04-нд 2 тэрбум 248 сая төгрөгөөр Улсын нөөцөд суудлын автомашин худалдан авах,
2023.02.15-нд 2 тэрбум 248 сая төгрөгөөр Улсын нөөцөд суудлын автомашин худалдан авах,
Шатахууны тендер:
2023.02.10-нд 2 тэрбум 295 сая 873 мянга 600 төгрөгөөр Онцгой байдлын байгууллагад шатахуун худалдан авах
Ажлын хувцас худалдах авах тендер:
2023.06.29 54 сая 83 мянга 200 төгрөгөөр Улсын нөөцөд ажлын хувцас худалдан авах,
Гэр худалдан авах тендерүүд:
2023.07.04-нд 1 тэрбум 618 сая төгрөгөөр Улсын нөөцөд гэр худалдан авах,
2023.02.15 334 сая 800 мянган төгрөгөөр Улсын нөөцөд гэр худалдан авах тендерийг тус тус зарлажээ.
Худалдан авах тендерүүдээс харахад 2023 он хүртэл Онцгой байдлын байгууллага бүхий л худалдан авалтаа улсын төсвөөр санхүүжүүлж байсан бол 2024 оноос дийлэнх ажлаа өөрийн урсгал зардлаар санхүүжүүлсэн байна.
Мөн өнгөрсөн жилүүдэд хамгаалалтын хувцас хэрэглэл, гал унтраах машин зэргийг худалдан авах нээлттэй тендер зарлаагүй байв.
ОБЕГ-ын хувьд тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, гал унтраах машин зэргээр дутмаг, хөдөө орон нутгуудын гал унтраах ангиуд юм юмаар гачигдалтай байгааг Г.Ариунбуян дарга нь ч чуулган дээр хэлж байсан удаатай. Гэтэл нэг орон нутгийн анги нэгтгэлд зориулалтын гал унтраах хувцас хэрэгсэл авч өгөхдөө төсөв муутай атлаа хурлын заал тохижуулж, автомашин худалдан авахад зарцуулах төсөв бол бий аж.
Тиймд бид ОБЕГ-ын гаднын хандив, тусламжийн мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.
Д.ЖАРГАЛМАА
Нийтэлсэн огноо2025-05-01