Д.Амарбаясгалан: УИХ хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна www.eguur.mn
Олон улсын парламентын өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрбээр, "Эрхэм Парламентын спикерүүд ээ,
Хүндэт Улсын Их Хурлын гишүүд, парламентын гишүүд ээ,
Олон улсын болон үндэсний парламентын албан хаагчид аа,
Парламентын үйл ажиллагааг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулагчид аа,
Та бүхэнд Олон улсын парламентын холбооны 136 жилийн ойн баяр болон Олон улсын парламентын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол Улс тэртээ 1962 онд нэг намын тогтолцоотой, социалист дэглэмтэй улс байх үедээ Олон улсын парламентын холбоонд гишүүн болж, дэлхий дахинаа энх тайван, хүмүүнлэг иргэний, ардчилсан нийгмийг цогцлоох, сайн засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалахын төлөөх үзэл санаанд нэгдэн, олон жил тууштай хамтран ажиллаж ирлээ.
Монгол Улсын Их Хурал Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрхийн механизм дахь оролцоогоо илүү идэвхжүүлж, парламентын гишүүдийн зүгээс үндэсний хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцуудыг мөрдөж, хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна.
Энэ жил Олон улсын парламентын өдрийг “Жендэрийн тэгш байдал: Үйлдэл, үйлдлээр” уриатайгаар тэмдэглэж буйг Монгол Улсын Их Хурал бүрэн дэмжиж, олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх шийдвэртээ тууштай байж, бодит үйл хэрэг болгон ажиллаж байгаагаа үүгээр илэрхийлье. Мөн энэ хүрээнд Олон улсын парламентын холбооноос дэвшүүлсэн улс төр, нийгэм дэх жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн "10 үйл ажиллагаа"-г хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, одоогийн амжилтаа бататган, ахиулахын төлөө хичээх болно.
Энэ дашрамд, 2023 онд Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомж, эрх зүйн орчинд жендэрийн асуудлаар тогтолцооны өөрчлөлтийг амжилттай хийсний үр дүнд 2024 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хуралд сонгогдсон 126 гишүүний бүрэлдэхүүнд олон нам, олон бүлгүүдийн төлөөлөл багтаж, үүний 25.2 хувь нь буюу 32 эмэгтэй гишүүнтэй боллоо.
Бид энэ амжилтаараа Ази тивдээ тэргүүн улсуудын нэг болж, дэлхийн дунджид ойртон, Жендэрийн зөрүүтэй байдлын 2025 оны индексээр өмнөх оноос 20 байраар ахиж 85-аас 65 дугаарт эрэмбэлэгдэн, улс төрийн эрх мэдлийн үзүүлэлт 11 байраар урагшилсныг дурдахыг хүсэж байна.
Монгол Улсын үе үеийн парламент нь эмэгтэйчүүдийн эрхийн хамгааллыг сайжруулахаас гадна нийт иргэдийнхээ иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм соёлын эрхтэй холбоотой олон улсын гэрээ, конвенц, түүний нэмэлт протоколуудыг соёрхон баталж, Монгол Улс 100 гаруй[1] олон улсын олон талт гэрээ, конвенцод нэгдэн орж, багагүй үүрэг амлалт авчээ.
Улс орны энх тайван байдал нь хүний эрхийг эдлэх, эдлүүлэхэд зайлшгүй шаардлагатай үндэс суурь гэдэгт бид итгэдэг. Иймд парламентын эн тэргүүний үүрэг нь улс орны энх тайван байдлыг хадгалах, иргэдийнхээ ая тухтай амьдрах боломжтой амгалан тайван нийгмийг бүрдүүлэх гэдэгтэй бүгд санал нийлнэ гэж бодож байна.
Монгол Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх “Гурван төгөлдөршил”-ийн бодлого санаачилж, эрх зүйн соёлыг түгээх, Монголын ард түмний засаглах эрхийг хангахыг зорилго болгосон стратеги баримтлан ажиллаж байна.
Даяаршлын энэ цаг үед нэгэнд нь тохиосон аюул гамшиг, дайн, зөрчилдөөн, халдлага, худалдааны хязгаарлалтууд нь далайн цаадах улсын иргэдийн амьдралд ч нөлөөлдөг болсон тул ардчилал, сайн засаглалын бэлгэ тэмдэг болсон парламентууд манлайлал үзүүлж, энх тайван байдлыг дор бүрнээ хамтдаа бэхжүүлэхийг уриалж байна.
Иймд энэхүү өдрийг тохиолдуулан Олон улсын парламентын холбоо, Парламентын спикерүүддээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс дэлхийн энх тайван, эв нэгдэл, хүмүүнлэг байдлыг цогцлоохын төлөө хамтдаа хүчин чармайлт гаргахыг хичээнгүйлэн хүсье.
Та бүхний энх тайван, ардчилал, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах их үйлсэд нь илүү их амжилт хүсье.
Даян дэлхий амар амгалан, улс үндэстэн бүр эв найрамдалтай байх болтугай" хэмээжээ.
П. Урнаа
Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-06-30