С.Бадрал: Шийдвэр гаргагчид AI нэрийн дорх шоугаа зогсоож, хиймэл оюуны стратегиэ батлах хэрэгтэй www.gogo.mn
“Хиймэл оюунд суурилсан дээд боловсролын экосистемийг бүрдүүлэх нь” сэдэвт дээд төвшний бодлогын яриа хэлэлцээр өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Хэлэлцүүлгийн үеэр "Болорсофт" ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Бадрал Монгол улс хиймэл оюун ухааны хөгжлөөс хойш сууж байгааг шүүмжилж, төрөөс дорвитой бодлого хэрэгжүүлж, стратеги батлах шаардлагатайг онцоллоо.
Хиймэл оюуны стратеги гэдэг нь тухайн улс, байгууллага, салбарын хүрээнд хиймэл оюун ухааныг үр ашигтай, хариуцлагатай, тогтвортой хөгжүүлж, ашиглах зорилготой алсын хараа, зорилт, бодлого, үйл ажиллагааны цогц төлөвлөгөө юм.
Тэрээр хэлэхдээ, Монгол улс өнөөг хүртэл хиймэл оюуны стратегийн баримт бичгээ батлаагүй. Гэтэл дэлхийн 100 гаруй улс нэг жилийн дотор шил шилээ даран аль хэдийн стратегиа баталж, хэрэгжүүлж эхэлсэн. Бид уламжлалт хандлагаасаа салахгүй бол энэ салбараас арчигдана. Монголд интернэт хэрэглээ өндөр, үндэсний хиймэл оюун ухааны эхлэл бий ч зохион байгуулалтгүй байдал, шийдвэр гаргагчдын идэвхгүй хандлага энэ боломжийг удаашруулж байна.
AI дурдахгүй бол ажил явахгүй мэт болсон энэ нөхцөлд шоу төдий ярьсаар байх бус, бодит үйлдэл хийх хэрэгтэй. Хиймэл оюун ухаан бол түр зуурын тренд биш цахилгаан шиг бүх салбарт нэвтрэх технологи.
Боловсролын системд хиймэл оюуныг бодлоготойгоор нэвтрүүлэхгүй бол 900 мянган хүүхдийн ирээдүй бүрхэг болохыг анхааруулж, нэг сургууль барих гэж явах биш, цахим дэд бүтцэд хөрөнгө оруулах цаг болсон гэдгийг тодотгов.
Тэрээр 2008 оноос эхлэн хэл шинжлэлийн цахим шийдлүүд болох "Болор толь"-ийг хөгжүүлж, 2013 оноос хиймэл оюуныг программ хангамжид нэвтрүүлэн ажиллаж буй.
Нийтэлсэн огноо2025-06-30