Г.Занданшатар: Уул уурхайн лицензийг шамшигдуулж авсан нийтийн албан тушаалтанд хариуцлага тооцно www.itoim.mn
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлж, стратегийн орд газрын 34, 51 хувийг Үндэсний баялгийн санд хуваарилах бодлого өмнөх Засгийн газрын сайн ажлуудын нэг байсан.
Харин шинэ Засгийн газар өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлж, стратегийн ач холбогдолтой газруудыг авч чадах уу гэдэг асуултын тэмдэг байсан. Тэгвэл шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар хууль хяналтын байгууллагад албан даалгавар өгч долоодугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өгчээ. Тодруулбал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эрчимжүүлэх зорилгоор Хууль зүй дотоод хэргийн сайд, хууль хяналтын байгууллагуудад албан даалгавар өгсөн байна.
Албан даалгаварт "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлж, авлига албан тушаалын гэмт хэрэг гарах нөхцөл шалтгааныг арилгах цогц арга хэмжээний төсөл боловсруулж, 2025 оны гуравдугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх.
Авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, үндэслэлгүй хөрөнгөжсөн, нийтийн өмчийг ашиглаж, шамшигдуулсан, уул уурхайн лицензийг шамшигдуулж авсан нийтийн албан тушаалтан болон холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцох, хууль бусаар авсан хөрөнгийг хураах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж долоодугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулах, стратегийн орд газрыг хууль бусаар авсан, олгосон асуудлыг судалж улсын өмч болгох" гэсэн албан даалгаврыг өнгөрсөн баасан гаригт албажуулж Хууль зүй дотоод хэргийн сайд, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд, ТЕГ, ЦЕГ, АТГ, Ашигт малтмалын газрын тосны хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар "Олон улсын жишгээр Үндэсний баялгийн сан бол хөрөнгө оруулалтын корпорац хэлбэртэй байдаг. Газар доорх баялаг өсөхгүй, үржихгүй учраас түүнийг үрждэг, өсдөг актив болгон хувиргаж байгаа хэлбэр. Тиймээс албан даалгавар гаргаж, хууль хяналтын байгууллагад чиглэл өгсөн.
Үүнд стратегийн болон үүсмэл орд газар бүгд хамрагдаж байгаа бөгөөд орд тус бүрээр нь бодлого гаргаж, хууль хяналтын байгууллагын материалтай танилцаж, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өгсөн. Ингэж бид хуулийн хүрээнд ажиллаж Үндэсний баялгийн сангаа мөнгөжүүлнэ" гэлээ.
Стратегийн орд газрын тодорхой хувийг төрийн мэдэлд авна гэж яриад удсан ч өнөөдөр УИХ-аар батлуулсан тодорхой шийдвэр гараагүй байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй нийт 16 стратегийн орд бий. Харин стратегийн ач холбогдол бүхий 39 ордын нөөц нь тогтоогдсон ч, бүртгэлгүй хэвээр байгаа юм. Өмнөх Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий орд газрыг шинэчилж, УИХ-аар батлуулна гэж байсан ч өргөн барьж чадаагүй. Мөн ЗГ-ын БЭТ-өөр ажиллаж байсан Ж.Батзандан нэмж найман ордыг стратегийн ордод бүртгэх санал гаргасан ч мөн л УИХ-аар батлуулж чадаагүй юм. Түүнчлэн үүсмэл ордуудын 34 хувийг Үндэсний баялгийн санд авах хэлэлцээр хийж байсан ч зогсоод байсан юм. Харин Ерөнхий сайдын өсгөн албан даалгаврын хүрээнд стратегийн болон үүсмэл ордыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх ажил үргэлжлэх бололтой.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2025-06-30