Монгол Улс тогтвортой, найдвартай гадаад орчин бүрдүүлэхэд анхаарч буйг тодотгов www.montsame.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын төлөөлөл, гадаадын хөрөнгө оруулагчид, хамтран ажиллагч түншүүдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар олон улсын харилцааны ээдрээтэй, талцал хуваагдлаас үүдэлтэй эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, улс орны хөгжилд тулгамдсан томоохон сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад шударга, ил тод, хариуцлагатай ажиллахаа илэрхийллээ. Мөн Монгол Улс тогтвортой, найдвартай гадаад орчин бүрдүүлэхэд анхаарч буйг тодотгоод, Засгийн газар үнэнч, ил тод, хариуцлагатай байх зарчмыг тууштай баримталж, хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого хэрэгжүүлж, тэдний эрх ашгийг хамгаалж ажиллана гэдгээ дурдав.
Урт хугацаанд тогтвортой хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд хувийн хэвшлийнхний санал хүсэлтийг сонсож, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, иргэд, түнш, хөрөнгө оруулагч зэрэг бүхий л талд харилцан ашигтай байдлыг бий болгохын төлөө ажиллахаа илэрхийлэв. Гадаад нөхцөл байдал, түүхий эдийн үнэ буурсантай холбогдуулан төрийн зардлыг бууруулах, төрийн бүтцийг оновчтой болгож “тоо биш чанарт” суурилсан шинэчлэл, төсвийн тодотгол хийхээр Засгийн газраас зорьж буйг онцлов. Монголын залуус олон улсын спорт, оюуны тэмцээнд амжилт үзүүлж “3x3” сагсан бөмбөгийн дэлхийн аваргад Монголын охид мөнгөн медаль хүртэж, цахим спортын “MongolZ” баг хоёрдугаар байр эзэлж, монгол охин шатрын дэлхийн аваргад амжилттай оролцсон тухай жишээг дурдав.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх бага хурлыг Монгол Улсад өнгөрсөн сард амжилттай зохион байгуулсныг тэмдэглэн, удахгүй Улаанбаатарт болох “Монголын Эдийн засгийн форум”, “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д төлөөлөгчдийг урьж, өргөнөөр оролцохыг уриаллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын төгсгөлд “Манай хамтын ажиллагааны амжилт бол харилцан итгэлцэл, түншлэл дээр тогтдог. Энх тайван, хөгжил дэвшил, найрамдалт харилцаандаа үнэнч байж, хамтдаа урагшлахыг уриалжээ.
Нийтэлсэн огноо2025-07-01