Дэлхийн Банкны Пакистан дахь суурин төлөөлөгчөөр монгол хүн томилогджээ www.itoim.mn
Дэлхийн банкны Пакистан дахь шинэ суурин төлөөлөгчөөр Амгаабазарын Болормааг томиллоо. Тэрээр 2020 оноос хойш тус албыг хашсан Нажи Бенхассиний оронд очиж байгаа бөгөөд өнөөдрөөс томилгоо нь хүчин төгөлдөр болж байна.
Тэрээр мэдэгдэлдээ "Пакистан дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгчөөр томилогдсондоо туйлын баяртай байна. Дэлхийн банк, Пакистан хоёр олон жилийн түүхтэй түншлэлтэй бөгөөд энэ хамтын ажиллагаа үе үеийн хэдэн сая хүний амьдралд эерэг өөрчлөлт авчирсан. Холбооны болон мужийн засгийн газрууд, орон нутгийн байгууллагууд, иргэний нийгэм, хувийн хэвшил, хөгжлийн түншүүд болон бусад оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийг тэсэн ядан хүлээж байна" хэмээжээ.
Монгол Улсын иргэн А.Болормаа нь олон улсын хөгжлийн салбарт ажилласан 20 гаруй жилийн туршлагатай. Тэрээр анх 2004 онд Дэлхийн банканд орсон бөгөөд Зүүн Ази, Номхон далайн бүс, Африк, Зүүн Европ, Төв Азийн бүс нутагт ажиллаж байжээ. Мөн өмнө нь Дэлхийн Банкны Кыргызстан болон Индонез, Зүүн Тиморт улс дахь банкны суурин төлөөлөгчийн газарт удирдах алба хашиж байсан. Дэлхийн банканд орохоосоо өмнө Монгол, Индонез, Тимор-Лестед олон улсын хөгжлийн салбарт ажиллаж байсан юм.
А.Болормаа “Бид Пакистаны тулгамдсан хөгжлийн сорилтууд болох хүүхдийн өсөлт зогсонги байдал, боловсролын хомсдол, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд өндөр өртөмтгий байдал, эрчим хүчний салбарын тогтвортой байдал зэрэг асуудлуудад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлсээр байх болно” хэмээн онцолжээ.
Болормаагийн томилгоо нь Дэлхийн Банк Пакистантай хамтран хэрэгжүүлэх 10 жилийн хугацаатай шинэ “Улс орны түншлэлийн хөтөлбөр” (CPF)-ийг эхлүүлж буйтай давхцаж буй. Энэ хөтөлбөрөөр тус банкны санхүүжилтийн байгууллагууд нийтдээ 40 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. 2024 оны эхээр батлагдсан уг хөтөлбөр нь хүүхдийн тэжээлийн хомсдолыг бууруулах, боловсролын чанарыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал нэмэгдүүлэх, хувийн хэвшилд түшиглэсэн эдийн засгийн өсөлтийг дэмжих бүтэц, институтийн шинэчлэлийг түлхүү дэмжихээр чиглэгдэж байгаа аж.
BY
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-07-01