МАН-ын бүлэг “Онтрэ” компани дээр улс төрийн шийдвэр гаргана www.news.mn
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар товч мэдээлэл өглөө.
Тэрбээр “Оюутолгойн ордын 32 хувь “Онтрэ” компани дээр байгаа. Засгийн газар дээр “Оюутолгой” компанитай холбоотой өчнөөн асуудал яригдаад гэрээ хийгдээд явсан. Гэтэл Оюутолгойн бүлэг ордын 32 хувийг эзэмшдэг “Онтрэ” компани дээр ашиг орлогын асуудал яригдсан зүйл алга. Нийт Оюутолгой ордын 32 хувийг эзэмшиж байгаа компани сул явж болохгүй. “Оюутолгой” компани, “Онтрэ” компани хоорондоо саяхан гэрээ хийгээд хайгуул судалгааны ажлууд явсан сураг байна. Энэ асуудлыг татаж үзэх ёстой. Энэ том ордын 32 хувь сул яваад байж болохгүй учраас хэлэлцэх ёстой. Ирэх Лхагва гаригт Түр хороо хуралдана, түүний дараа буюу ирэх долоо хоногийн Даваа гаригт энийг дахин татаж авч ирээд том улс төрийн шийдлийг гаргая. Засгийн газарт шийдэл өгөөд явъя. Өнөөдрийн хувьд Засгийн газар өөрсдөө ажиллах бүх бололцоо байгаа, заавал хэдэн гишүүн бариад явах ёстой биш. Засгийн гшазар санаачлаад УИХ-аар оруулаад ирэх бололцоо бий. Том ордын 32 хувь сул явж байхад яагаад Засгийн газар санаачлаад энэ асуудлыг оруулж ирээгүй юм, заавал хэдэн гишүүн барьж явах албатай биш. Түр хорооноос асуудал гараад ирэг, дараагийн бүлгийн хурал дээр сайд нар, зохих хүмүүсийг байлцуулаад улс төрийн шийдвэр гаргуулаад Засгийн газарт үүрэг өгөөд явъя гэж шийдвэрлэлээ” гэв.
МАН-ын бүлэг “Онтрэ” компанийн асуудлыг хэлэлцэж байна
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.09.29/ хуралдаанаар “Онтрэ” компанийн хөрөнгө оруулалтын гэрээний тухай хэлэлцэж буй ажээ. Энэ талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн, Оюутолгойн Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал өгсөн байна. Тэрбээр Оюутолгой стратегийн бүлэг ордын хил заагт орших Онтрэ компанийн эзэмшил Жавхлант, Шивээ толгой ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг ашиглахад Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэх, тэдгээрийн шаардлагыг хангуулах, түүнчлэн Оюутолгойн дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээнд заасан зээлийн хүүг хэлэлцэн бууруулах боломжит хугацаа 2025 оны сүүлээр дуусч байгаатай холбогдуулан, уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх талаар Засгийн газрын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа талаар мэдээллийг бүлгийн гишүүдэд өгчээ.
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах шалтгаан
– Долоон жил тутам зээлийн хүүг бууруулах гэрээнд заасан хугацаа 2025.12.31-нд дуусна.
-Оюутолгой төслийн эрсдэл өндөр үед зээлийн хүү 2009 онд 11.1 хувь байсан бол одоо эрсдэл 0 хувь болсон.
-Оюутолгой нэг гараараа Онтрэд 6.7 хувийн хүүтэй, нөгөө гараараа толгой компанидаа 11.1 хувийн хүүтэй зээлийн хүү төлдөг.
– Рио Тинто олон улсын зах зээлээс 4-5 хувийн хүүтэйгээр зээл авдаг атлаа Оюутолгойд 11.1 хүүтэйгээр зээл өгдөг.
Оюутолгой төслийг том зургаар нь авч үзвэл өнгөрсөн 16 жилийн хугацаанд дэлхийн хэмжээний бүтээн байгуулалтад 26 тэрбум ам.долларыг зарцуулсан. Энэ хөрөнгө оруулалтын 20 тэрбум нь зээлийн санхүүжилт. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл 20 тэрбум ам.долларын зээл авсан, үүний 12 тэрбум ам.доллар нь хувь нийлүүлэгчдийн зээл. Анх авсан зээлээ эргэж төлөөд, 2010 оноос хойш 6.1 тэрбум ам.долларын зээлийг “Рио Тинто” компаниас Оюутолгой авсан. Үүний хүүгийн хүү нь тооцогдож, бодогдож явсаар өнөөдөр 12 тэрбум ам.долларт хүрсэн байна. Анх авсан зээл нь 6.1 тэрбум, харин зээлийн тэн хагас нь буюу зургаан тэрбум ам.доллар хүүгийн хүү байна. Анх өндөр хүүтэй зээл авсан нь өнөөдөр ийм байдалд хүрчээ. Энэ асуудалтай холбогдуулж бүлгийн гишүүд асуулт тавьж, хариулт авч буй юм байна.
Мөн бүлгээр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдох бусад төслөөр завсарлага авсан юм.
Нийтэлсэн огноо2025-09-29