Оюу толгойн зээлийн хүүг буруулах боломж дуусахад 92 хоног үлджээ www.eguur.mn
"Оюу толгой" ХХК-ийн авсан зээлүүдээс хамгийн өндөр хүүтэй нь "Рио Тинто"-гийнх. Мөртлөө "Рио Тинто" нь Оюу толгойн 66 хувийг эзэмшдэг. Өөрийнхөө компани хөрөнгө оруулалт хийж, зээлэхдээ хамгийн өндөр үнэ авч байгаа явдлыг УИХ дээр ид шүүмжилж байна.
Долоодугаар сарын мэдээгээр "Оюу толгой" ХХК 18 тэрбум ам.долларын зээлтэй. Үүнээс 13 нь үндсэн зээл, үлдсэн нь хуримтлагдсан хүү байгаа юм.
Эдгээрийн дийлэнхийг буюу 12.1 тэрбум ам.долларыг нь “Рио Тинто” группээс зээлсэн. “Рио Тинто” өөрөө “Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, хувь нийлүүлсэн өөрийнхөө компанид зээл олгосон бөгөөд үүнийх нь хүү 11-12 хувь байсаар байна. Улмаар уг 12.1 тэрбумын бараг тал нь хуримтлагдсан хүү болчихжээ.
Харьцуулж харсан ч, өнөөгийн нөхцөлд Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлээс 5-6 хувийн хүүтэй хөрөнгө босгож буй. Хувийн хэвшил 7-8 хувь. Зээлжих зэрэглэл 2009 оноос хойш илүү сайжирсан. Иймд “Рио Тинто” зээлийн хүүгээ ядаж 3 хувиар бууруулчих зарчмын шаардлага, нөхцөл үүссэн нь үнэн юм.
Тэгээд ч Оюу толгойн олборлож буй зэс, алтны үнэ зах зээл дээр үлэмж өсөлттэй байна. Мөн л 2009 онтой харьцуулшгүй. Олох орлогын хэмжээ нэмэгдсэн тул зээлийн хүү бууруулах асуудлыг “Рио Тинто”-д тавьж болно, эцсийн дүндээ өөрийнх нь 66 хувь эзэмшдэг компанийн асуудал л болох билээ.
Энэ асуудлаар Сангийн сайд Б.Жавхлангийн ахалсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Түр хорооны хуралдаан дээр тайлангаа тавьсан, нэг ч удаа хуралдаагүй нь ил болсон.
Хамгийн гол нь гэрээнд зааснаар, яг энэ зээлийн хүүгийн асуудлыг долоон жилд нэг удаа авч хэлэлцэх боломжтой. 2018 онд "Амжаагүй" гэх шалтгаанаар хөндөөгүй байгаа юм. Дараагийн цикл нь 2025 онд тохиож, халуун намар өнгөрчихсөн ч ямар ч ажил хийгдээгүй байгаа нь анхаарал татдаг.
Нэг ёсондоо зээлийн хүүгийн хэлцэл хийхэд буюу 2025 он дуусахад 92 хоног л үлдээд байна.
Г.САНСАРМАА
Нийтэлсэн огноо2025-09-30