“Нэгдүгээр тойрог зам” төслийн тендерийн материал хүлээн авч байна www.montsame.mn
Улаанбаатар хотын түгжрэлийг багасгахаар авто замын бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон төслүүдийг үе шаттай хэрэгжүүлж байна.
Нийслэлийн гол гудамж замууд хэт ачаалалтай, замын сүлжээ нь төв рүү чиглэн Энхтайваны өргөн чөлөөний гол гудамж зам руу түгжрэл үүсгэдэг учир төвийг тойрон гарсан гудамж зам барихаар “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлэх юм. Төсөл нь “Нэгдүгээр тойрог зам”, ”Хоёрдугаар тойрог зам” хэсгээс бүрдэнэ. “Нэгдүгээр тойрог зам” төслийн 24.7 км урт замын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, авто замын төсөлтэй холбоотой барилга угсралтын тендерийг есдүгээр сарын 11-нд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас EPC+F нөхцөлөөр зарласан. Тендерийн материалыг хүлээн авч, сонирхогч талуудад гурван удаа тодруулга мэдээллийг албан ёсоор хүргэсэн. Тендерийг нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар шалгаруулах юм.
НТУГ-ын Судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн алба, төслийн гүйцэтгэгч “Си Эс Си И Айком Консалтантс” ХХК хамтран хийсэн судалгаанаас харахад, тус төслийг 2030 он хүртэл хэрэгжүүлснээр нийслэлийн авто замын түгжрэл дунджаар 19–20 хувиар буурна. Тухайлбал, Их тойруу, Нарны зам зэрэг гол гудамжны ачаалал 10–20, Москвагийн болон Энхтайваны өргөн чөлөө зэрэг замын ачаалал 20–40, харин Ажилчны гудамжны ачаалал 40 гаруй хувиар багасах тооцоо гаргажээ.
Нийтэлсэн огноо2025-10-06