Засгийн газар ганхах сургаар валютын ханш өсөж, төгрөг суларна www.eguur.mn
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдөж, жагсаал цуглааны дуулиан ар араасаа эрчимжих үеэр ам.долларын ханш 3539 төгрөгөөс 3577, юань 484 төгрөгөөс 498, рубль 42 төгрөгөөс 45, евро 3972 төгрөгөөс 4117 төгрөг болж улмаар төгрөгийн ханш суларч эхэлсэн.
АНУ-ын Төрийн департментаас гаргасан Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаарх тайланд төр засгийн тогтворгүй байдал болоод, улс төрийн залгамж халаагүй шийдвэрүүд зэрэг нь хөрөнгө оруулалтын орчныг муутгахад голлох нөлөө үзүүлдэг талаар онцолсон. Үүнийг дагаад төрийн байгууллага, яам агентлагуудын албан тушаалтнуудын хууль, журам зөрчих нь түгээмэл байгаа нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх нөхцөл болдоггүйг ч тодорхойлсон юм.
Гэтэл дахин Засгийн газрыг огцруулах агуулгыг УИХ-ын нэр бүхий гишүүд хөндөж эхэлснээр цаашид төгрөгийн ханш мөн л эрчимтэй сулрах төлөвтэй байна.
Өнөөдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханшаар ам.доллар 3594 төгрөг, юань 504.81 төгрөг, рубль 44.04 төгрөг, евро 4217.74 төгрөг байгаа бөгөөд оны IV улирал эхэлсэн энэ үед тус бүрдээ жилийн хамгийн өндөр ханшдаа хүрээд буй.
Азийн хөгжлийн банкны тайланд Монгол Улсын инфляц энэ онд 8.6 хувьд байна гэсэн тооцоолол Засгийн газар огцрохдоо тулвал оны төгсгөлд өсөж магадгүй юм.
Олон улсын жишгээр Засгийн газрын тогтворгүй байдал нь тухайн улсын эдийн засагт шууд нөлөөлдөг. Иймд хэрвээ одоогийн улс төржилтийн уур амьсгал хүчтэй өрнөвөл 2026 оны төсвийн төсөөлөлд олон агуулга өөрчлөгдөж ч мэднэ.
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2025-10-06